Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-10-05 06:49:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг өнгөрсөн хагас зуун жилд олимпийн тэнгэрт мандуулсан алдар цуутай тамирчдынхаа гавьяа зүтгэлийг нь Монгол Улсын иргэн олимпийн наадмаас анх удаа медаль хүртсэний түүхт 50 жилийн ойг тохиолдуулан олон түмэндээ хүргэж сурталчилах зорилгоор олимпийн медальтнуудтай хийсэн ярилцлага, нийтлэлээ цувралаар дэлгэж байна.


6.   1976  Монреал Зэвэгийн Ойдов         


             З.Ойдов: Бид унадаггүй хоёр аваргыг харж, биширч өссөн


Энэ удаа 20 дугаар зууны манлай тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монреалийн олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Зэвэгийн Ойдовтой хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.


- Олимпийн дэвжээнд анх удаагаа барилдсан тухайгаа эргэн дурсвал?


-Монгол Улсын баг тамирчид анх удаагаа 1964 оны олимпийн наадамд оролцсон түүхтэй. Дараа нь 1968 оны Мехикогийн олимпийн наадамд барилдсан манай чөлөөт бөхийн тамирчид анх удаа нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж өндөр амжилт үзүүлсэн байдаг. Түүнээс хойш 1972 /Мюнхен/, 1976 /Монреаль/ оны олимпоос тус бүр нэг мөнгө, 1980 оны Москвагийн олимпийн наадмаас нэг мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн. Үүнээс хойш чөлөөт бөхийн баг тамирчид олимпийн наадмаас медаль авалгүй медалийн буухиа олон жил тасарлаа. Харин эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас энэ буухиаг үргэлжлүүлж С.Батцэцэг Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон. Мөн дахин эмэгтэй дэлхийн аварга ч төрлөө. Миний хувьд анх 1972 оны Мюнхены олимпийн наадамд 22 настай оролцож байлаа. Олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс өндөр хариуцлага, үүрэг даалгавар хүлээдэг. Улс бүрийн тамирчид бэлтгэлээ дээд зэргээр базаагаад олимпийн аварга, медальтан болох зорилт өвөрлөж олимпийн наадамд ирдэг болохоор хэн хамгийн хүчтэй нь л медалийн эзнээр тодордог жамтай. Тийм болохоор тухайн үеийн шилдэг туршлагатай тамирчид, өсч яваа шинэ залуу, туршлагагүй тамирчид, харьж яваа аваргуудаас эхлээд улс бүрийн шилдэг тамирчид ирж олимпийн аваргын төлөө өрсөлддөг. Би энэ олимпийн наадмын дэвжээнд хоёр ялагдаж олигтой амжилт гаргаж чадаагүй. Миний хувьд амжилт гаргаж чадаагүй хамгийн гол шалтгаан нь жингээ их хассан явдал байлаа. Уг нь би 68 кг-д барилдвал амжилт үзүүлэх байсан болов уу. Харин 62 кг-д барилдахын тулд 10 кг хассан болохоор их тамирдаж ядарсан. Тэр үед би 72 кг-аас жингээ хассан. Тэгээд 64 кг-аас доош орохоор л ухаан алдаад байдаг юм. 1971 оны ДАШТ-д бас энэ жинд барилдаад гавьтай амжилт гаргаагүй. Харин 1973 оноос л жин хасах талаар арай туршлагажсан, янз бүрийн аргаар жингээ хасах аргад ч суралцсан даа.


-Тамирчин хүнд олон кг жин хасахад маш их хүч, тэвчээр шаарддаг. Харин та энэ том эрсдлийг давж, яг энэ жиндээ Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медаль хүртсэн нь үнэхээр том амжилт, маш их тэвчээр хатуужил шүү?


-Энэ бол аргагүй том амжилт. Тухайлбал, хурдан морийг уяа, сойлго, тарга хүчийг нь тааруулаад ид хурдан давхих торгон үед нь наадамд уралдуулдаг. Гэтэл тамирчин хүнийг 3-4 кг хасаад л оруулах ёстой атал түүнээс дээш жин хасахаар чинь хүн туйлдана, ухаан алдана. Өөрөө босч чадахгүй болтлоо турж туйлдсан хүний тамир тэнхээ нь сульдах нь мэдээж шүү дээ. "Хүн зовлонг даадаг" гэдэг утгаараа л зарим тамирчид амжилт гаргасан байдаг. Тухайн үедээ амжилт гаргасан боловч түүнээс олон жил, олон амжилт гаргах байсан боломжоо алдаж байгаа юм. Яагаад гэхээр биеийнх нь эрүүл мэндийн дархлааг доройтуулдаг, зориг зүрхийг нь мохооно, өөрөө дахиад идэж уухаараа төлжиж чадахгүй, насан туршид нь тэр эрдэс давсны дутагдалтай болгох гээд олон эрсдэл дагуулдаг. Ийм учраас л тамирчин хүний жинг их хасах нь түүнээс гарах ёстой амжилтыг бууруулах төдийгүй биеийн эрүүл мэндээрээ хохирдог.


-Олон жил жингээ тогтмол хасч, жингээ хүчээр барьж тогтоож, хадгална гэдэг тамирчин хүнд үнэхээр хэцүү даваа шүү?


-Жингээ хүчээр барина гэдэг үнэхээр хүнд. Хүн бүхэн жингээ тийм ч амар бариад байж чаддаггүй. Яагаад гэхээр нэг ч удаа сэтгэлд хүртлээ идэж, ууж чадахгүй, өлөн зэлмүүн байснаар тамир тэнхээгүй, бие нь бүлээцэхгүй гээд зовлон их. Ганцхан чин сэтгэл зүрхээрээ л тэжээгдэж явсан хэрэг гэхээс өөрөөр юу гэх билээ.


-Та Монреалийн олимпийн дэвжээнд гарсан анхны тойргийн барилдаан үнэхээр хүнд байсан байх даа?


-Жин хассан тамирчинд хамгийн эхний барилдаан үнэхээр маш хүнд байдаг. Яагаад гэвэл, хөл дээрээ зогсож чадахгүй шүү дээ. Хөл дээрээ зогсож чадахгүй байж яаж өрсөлдөгчөө ялж амжилт гаргадаг юм гэж хүн бүхэн ярьдаг. Ингээд энэ барилдааныхаа талаар чин үнэн байдлаа хэлж байхыг хүн сонсоод ойлгож, мэдэрдэггүй. Бүр үнэмшдэггүй. Үүнийг харин малчид сайн ойлгоно. Дөнгөж төрсөн, дутуу гарсан төл мал хөл дээрээ тэнцэж чадахгүй өнхөрч ойчоод байдаг. Яг л үүнтэй адилхан. Жингээ их хассан тамирчин хүнээр түшүүлж яваад, тавган дээр ганц хоёр идэх юм хүнээр сонгуулж аваад сууна. Тэгээд л өнөө жаахан юмаа амандаа хийж нүдээ аниад арай гэж л зажилж залгидаг. Ийм болж сульдсан хүн амжилт гаргана гэдэг үнэхээр хүнд. Ингэж сульдаж, тамирдсан хүнийг энэ дэвжээнд авчирч эх орны нэрийг гутаалгах гэсэн юм уу л гэж бодмоор байдаг. Хамгийн гол нь тухайн үедээ жин тус бүрд сайн тамирчинтай баг байлгах гэж л энэ шүү дээ. Энэ нь хэр оновчтой болсныг ёстой мэдэхгүй юм.


-Олимпийн медалийн төлөө хүч үзсэн өрсөлдөгч бөхчүүдээ эргэн дурсана уу?


-Энэ олимпийн өмнө би дэлхийн хошой аварга болчихсон байсан. Монреалийн олимпийн наадамд би 68 кг-д барилдмаар байна. Энэ жинд барилдвал олимпийн наадамд би түрүүлнэ. Тэгээд 68 кг-д барилдаж 1980 оныг дуустал бүх тэмцээнд түрүүлэх боломж, нөхцөл надад байна гэж багийн дасгалжуулагч багш нартаа саналаа хэлсэн ч зөвшөөрөөгүй юм. Дэлхийн таван удаагийн аварга, олимпийн хошой аварга хэрэгтэй юу гэж асуухад хэрэгтэй! Гэтэл энэ саналаа хэд хэдэн удаа хэлж, хариу асуухад дээшээ дарга нар зөвшөөрөхгүй байна гээд зөвшөөрөөгүй. Тэр үед дарга хэлсэн бол хууль байж. Харин тэр үед дээшээ дарга нарт хэлсэн ч юм уу, үгүй ч юм бүү мэд. Өнөөдөр нэгэнт өнгөрсөн. Үүнийг итгэх хүн ч бий, итгэхгүй хүн ч байгаа. Харин ингэж санал тавьж байсан тухайгаа би хожим нь ном, сонинд гаргаж л байсан. Хэрвээ 68 кг-д барилдвал амжилт гаргана гэдгээ би үндэслэлтэйгээр санал тавьж байсан юм. Яагаад гэвэл 1973 оноос хойш ДАШТ-ээс бусад тэмцээнд, би 68 кг-д барилдаж ихэнх тэмцээнд нь түрүүлж байлаа. 1975 оны хавар Лейпциг хотноо болсон олон улсын тэмцээнд найм барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн. Дээд жинд ийм амжилт үзүүлнэ гэдэг энэ жинд барилдах боломжтойг нотолж байгаа юм. Би ч үүнийгээ мэдэрсэн, олон улсын бөхчүүд ч мэдэж байсан. Тэгээд л намайг жин хасч 62 кг-д барилд гэсэн. Би 12-13 кг жин хассан. Тэр үеийн манай бөхчүүд бүгд л яргай махтай, булчинтай байж. Олимпийн дэвжээнд эхний тойрогт АНУ-ын бөх Девистэй барилдсан. Тэр бөхийг хоёр ч удаа цэвэр дарахад ялалт байтугай, бүр оноо ч өгөөгүй. Тэгээд түүнд би оноогоор ялагдсан. Харин дараагийн бүх учраануудаа цэвэр ялсан. Сүүлийн долдугаар тойрогт БНСУ-ын Ян Жү Мо-той барилдаж оноогоор ялсан. Ян Жү Мо, АНУ-ын бөхийг цэвэр ялсан учраас олимпийн аварга болж, би мөнгөн медаль хүртсэн. Энэ солонгосын бөхтэй өмнө нь би 1975 оны ДАШТ-д барилдан ялж, 1974 оны Азийн тоглолтонд ялагдаж байлаа.




-Нэг жингийн бөхчүүдээс гадна ойрхон жингийн бөхчүүдтэйгээ бэлтгэл дээр барилдаж ур чадвараа дээшлүүлдэг. Таны үед ямар сайн бөхчүүд таныг хурцалж өгч, хамтран бэлтгэлээ базааж байсан бол?


-Миний үеийн жин бүрийн нэг номерын бөхчүүд өөрийн жин жиндээ бусдаасаа нэлээд тасархай сайн байж. Миний бэлтгэлийг хангадаг бөхчүүд гэвэл, дээшээ Сэрээтэр, Артаг, Нацагдорж нарын ах нар болон Бат-Амгалан, Хойлогдорж, Цэрэндаш байлаа. Хааяа Гочоосүрэнтэй барилдана.


-Та улсын шигшээ багт хэдэн оноос хичээллэж байв. Багийн бөхчүүдээ дурсана уу?


-Би 1969 оны 10 дугаар сараас 10 жил хичээллэсэн. Манай баг тамирчид маш сайхан эв нэгдэлтэй, ахмад бөхчүүд, багш, дасгалжуулагчаа их хүндэтгэдэг, ах захтай, хатуу дэг журамтай байж. Тэднийхээ үгийг их сонсож, зөвлөлгөөг нь авна. ОХУ-ын мэргэжилтэн багш нар ч байв. Энэ хүмүүсийн зааж сургасан тэр дасгалжуулалтын үр дүнд л бид амжилт гаргаж байжээ. Ер нь манай бөхчүүд чинь ахмад эсвэл дүү гэлтгүй хамгийн гол нь өөрөөсөө илүү амжилт гаргасан, дээгүүр цолтой л бол хүндэтгэдэг, эрэмбэтэй, хүндэтгэлтэй ханддаг ёс журамтай шүү дээ. Бие биенийхээ үг, зөвлөлгөөг их сонсоно. О.Цэрэндагва, С.Магсар багш нар Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Үнэхээр нэг сэтгэл, зорилготой, эвтэй баг, хамт олон байсан.


-Та ямар амжилт гаргаж улсын шигшээ багийн гишүүн болов?


-Улсын шигшээ багт нэг их онцгой амжилт гаргаад ороогүй л дээ. 1967 онд анх удаагаа болсон залуучуудын УАШТ-д түрүүлсэн. Тэндээс л тэргүүлсэн хүүхдүүдийг 1967, 1968 онд зуны хоёр сарын бэлтгэлд хамруулсан юм. Тэгээд 1969 онд Минск хотод "Олимпийн найдвар" гэж тэмцээнд оролцож зургадугаар байрт орсон. Тэр жилийн намар нь манай улсад Монгол-Болгар, Монгол-Японы уулзалт тэмцээн болсон. Миний жинд Японоос Шибата, Накамура гэж хоёр бөх ирэхэд нэгтэй нь тэнцэж, нэгэнд нь ялагдсан. Харин Болгарын Иван Кристофф гэж бөхтэй барилдахдаа хэд хэдэн удаа цэвэр ялагдахаа дөхсөн. Тэр үед цагчин шүүгч гэж байлаа. Тэгэхэд намайг ялагдуулахгүй гэж манай цагчин шүүгч түрүүлж цаг зогсоосон байж ч мэдэх юм. Тэр барилдаан дээр л намайг их сайн барилдсан гэдэг юм. Надад ч бас тэгж, ингэж барилдаж болох юм байна гэж мэдэрсэн үе юм болов уу. Тэгээд нутаг буцах болоход, за чамайг шигшээ багт авахаар боллоо. Ажлаас халагдаж шигшээ багт орох болсон албан бичгээ аваачиж өг гэсэн. Би тэр үед Хархорины барилгын салбарт ажиллаж байсан. Тэгээд л шигшээ багт орсон. Тэгээд хойтон жил нь Унгарт болсон "Олимпийн найдвар" тэмцээнд оролцож түрүүлсэн. 1971 оны Бүх ард түмний IV спартакиадад түрүүлээд бөх болох замдаа эргэлтгүй орсон доо.


-Тухайн үед багш дасгалжуулагчид сайн барилдах хүүхдийг сайн таньж, илрүүлж чаддаг байжээ?


-Тэр Болгарын бөхтэй л сайн барилдаж, цаашдаа өсч, сайжирч бөх болох нь багш нарт мэдрэгдсэн гэж ярьдаг юм билээ.


-Таныг улсын шигшээ багт ороход манай алтан үеийн бөхчүүд байсан биз?


-Тэр үед чинь үндэсний бөхөд Мөнхбат, Баянмөнх гэсэн хоёр аваргыг олон түмэн ид шаагиж, магтаж, бахдаж байсан үе. Бид унадаггүй энэ хоёр аваргыг харж, тэднийг биширч өсч байлаа. Улсын шигшээ багт жин тус бүрт 48 кг-д Жамсран, Мөнх-Очир, 52 кг-д Дамдиншарав багш, Хашбат, Чойнхор, 57-д Хойлогдорж, тэгээд л дээшээ Нацагдорж, Сэрээтэр, Артаг, Дагвасүрэн арслан, Мөнхбат, Баянмөнх аварга гээд л гайхалтай шилдэг бөхчүүд байсан. Цаана нь бас жигд олон сайн бөх байлаа.


-1976 оны Монреалийн олимпийн наадам Монголын хөгжилтэй зүйрлэшгүй өндөр түвшинд болж байв уу, эргэн дурсвал?


-Тэгэлгүй яахав. Таван тивийн бүх шилдэг тамирчид оролцдог гэдгээрээ олимпийн наадам үнэхээр дэлхийн хамгийн том баяр наадам. Олимпийн наадамд оролцож байгаа олон мянган тамирчин, шүүгч, дасгалжуулагчдыг өглөө, өдөр, орой бүр хооллуулна гэдэг үнэхээр том үйлчилгээ. Мөн энэ хүмүүсийн хувцсыг нь угаахаас эхлээд цагийг нь засах гээд бүх л үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Угаалганд өгсөн эрэгтэйчүүдийн цамц нь Испаниас одоо ирэх ёстой онгоц нь жаахан саатлаа гэж байсныг санах юм. Бүхий л үйлчилгээ нь олимпийн наадамд хүрэлцэн ирсэн тамирчин, зочид төлөөлөгчдөд зориулагдсан нь үнэхээр гайхалтай. Тэнд үндэстэн бүрийн олон төрлийн, амт чанартай хоолоос эхлээд хүний ая тухыг хангасан бүхнээр үйлчилж байгаа нь бишрэхээс аргагүй.


-Мюнхены олимпийн наадмын үеэр үймээн гарч байсан, энэ үйл явдал манай баг тамирчдад хэр мэдрэгдсэн бол?


-Мэдэрсэн, яаж мэдэрсэн гэвэл олимпийн болон тамирчдын тосгон дахь байшин бүрийн л дөрвөн өнцөгт буу барьж, бүсэндээ гранат зүүж, хушуувчтай нохой хөтөлсөн цэргүүд хамгаалалтанд гарсан байлаа. Баг тамирчдыг хоолонд ороход нь урд, хойно, хажууд нь буутэй цэргүүд хамгаалж явахад дасаагүй болохоор бас л эвгүй юм билээ. Харин зарим орны тамирчид огт тоохгүй дуулаад, инээгээд л явж байх нь сонин л санагдсан.


-Монреалийн олимпийн наадамд оролцохдоо хөрөнгөтөн орны талаар мэддэг болсон байв уу?


-Бид өмнө нь олимп, ДАШТ-д оролцоод үзчихсэн, хөрөнгөтөн орон ямар байдгийг гадарладаг болсон үе л дээ. Тэгээд бидэнд тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдал, социалист, капиталист орнуудын онцлог ялгаа болон дипломат ёсыг их сургаж зөвлөдөг байлаа. Газар газарт очиход барилга, байшингаас нь эхлээд өвөрмөц хийцтэй, хүн ард онцлог ёс, заншил, амьдралын хэв маяг өөр гээд сонин л байлаа. Биднийг дагаж НАХЯ-наас хүн явдаг байсан. Гэхдээ тэр хүн нь хаана ч явааг нь мэддэггүй л байж. Бид зөвхөн тэмцээндээ амжилт гаргах үүргээ л бодож яваад эх орондоо ирдэг. Тиймээс хэл аманд орох гэдэг асуудал байдаггүй. Би 1976 онд хоёр төрсөн дүүгийн хамт эх орноосоо мордсон юм. Дүвчин бид хоёр Монреалийн олимпийн наадамд, манай эмэгтэй дүү Бямбасүрэн Польшид болох олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор гурвуулаа "Буянт-Ухаа"-гийн онгоцны буудлаас хамтдаа нисээд Москвагаас салж явсан. Тэр үед ойр орчны юмыг нэг их сонирхоод байдаггүй. Тэгээд ч жин хассан хүнд элдэв юм үзэж харах нь их ядардаг болохоор тийм юм огт бодохгүй хүчээ нөөж, яаж сайн барилдах гэдгээ л бодож, төлөвлөөд л явдаг байж.


-Таныг олимпийн мөнгөн медаль аваад ирэхэд хэрхэн хүлээж авсан бол?


-Сайхан угтсан байхаа. Олон жилийн өмнөхийг одоо мартаж орхиж. Дэлхийн аварга болоод ирэхэд их л сүртэй, халуун дотноор баяртай сайхан хүлээж авч байсныг санаж байна. Биеийн тамир, спортын хорооны зарим дарга нар тийм ч таатай хүлээж аваагүй гэж ярьдаг юм билээ. Монреалийн олимпийн наадмаас ганцаараа медальтай ирсэн болохоор бусад 60 гаруй тамирчдад хатуухан л зэм хүлээлгэсэн байх. Ямар шагналаар шагнах вэ? гэж хоёр ч удаа орсон хүн зэмлүүлж, арга хэмжээ төлөвлө гэсэн зам сонсоод гарсан гэдэг. Харин үлдсэн 60 гаруй хүнийг ямар арга хэмжээ авах вэ гэхэд за за гээд гаргасан гэж бүр сүүлд намайг дасгалжуулагч болсон хойно л дуулдаж байлаа.


-Та чөлөөт бөхийн тамирчин болох гараагаа яаж эхэлж байв?


-Бөх болох сонирхол их багаасаа л төрсөн. Бидний үед чинь хөвгүүд бүхэн баг наснаасаа л барилдаж ноцолдож өсдөг байлаа. Хөдөөний биеийн тамирын хичээл чинь байнга л гүйсэн, харайсан, уралдсан, барилдсан тийм л байж дээ. Хонь, адууны бэлчээр, үхрийн зэлэн дээр байнга л барилдаж ноцолдоно. Би тавдугаар ангид байхдаа сургуулиасаа шалгарч, Санжаа гэж хүүгийн хамт аймагт очиж барилдсан. Тэгж л анх сумаасаа гарч үзэж байлаа. Тэр жил Гүүнээ гэж хүү Хужирт сумаас ирж Улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдсан юм. Энэ нөхөр хожим нь Сангийн яаманд олон жил том алба хашиж байлаа. 1965 онд Баянхонгор аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцсан юм. Чөлөөт бөхийн дугуйланд орох хүсэлтэй хүүхэд будаг, шаврын багш Бямбаад бүртгүүл гэсэн зар сургуулийн дотуур байрны үүдэнд наачихсан байж билээ. Чөлөөт барилдаан гэхээр чинь чөлөөтэй барилддаг байх нь, энэ дугуйланд орж чөлөөтэй барилдаж авъя гээд л ангийнхаа дарга байсан Батдэлгэртэй хоорондоо яриад зогсож байв. Тэр үеийн хүүхдүүд чинь их бүрэг байж. Тэгээд бид хоёр, чи очоод бүртгүүлчих гээд бие бие рүүгээ хэлээд зогсож байтал нэг л их гоё хүн та хоёр бүртгүүлэх гэж байгаа юм уу. Айх хэрэггүй, бага нь багатайгаа, том нь томтойгоо барилдана. Та хоёрыг би бүртгээд авчихъя гээд бүртгээд авлаа. Ямар хүнд нэрээ бичүүлсэнээ ч мэдсэнгүй. Тэр зар дээр нь тийм хувцастай, төдөн цагт ир гэж байсан. Яваад очлоо. Тэгсэн чинь нөгөө биднийг бүртгэсэн нөгөө гоё хүн маань бидний багш байж билээ. Баянхонгор аймгийн Баян-Говь сумын Бямбаа гэж хүн. Энэ хүн анх бидэнд чөлөөт бөх заасан. Тэгээд л Баянхонгорт бид бас чөлөөт бөхийг заасан. Яагаад заасан гэхээр, тухайн үед хүмүүсийн дунд, унасан мөртлөө дахиж барилддаг ийм балайр юмаар яах юм гэсэн яриа гарсан юм. Шинэ бөхийн талаар таниулж ойлгуулахаар багштайгаа дөрвөн хүүхэд хамтдаа сурталчилсан юм. Үндэсний бөхийн барилдааны өмнө, бөхчүүд хувцсаа өмсөх чөлөөгөөр нь багш маань чөлөөт бөхөө тайлбарлаад, хоёр хүүхэд матрас барьж гарч ирээд хоёр нь түүн дээр барилдана. Тэгээд энэ барилдааныг багш тайлбарлаж, ард нь гарлаа нэг оноо, бөндөгнүүлээд хоёр оноо авлаа, босч ирээд барилдлаа гээд л тайлбарлана шүү дээ. Тэр үед бид үндэсний бөхөөр өөрөөсөө том цолтой бөхчүүдийн аманд гарч барилдана. Эхэндээ ч унадаг байлаа. Нэг их удалгүй өнөө бөхчүүдтэйгээ ана мана хүч үзэж, бүр заримыг нь хаях болсон. Тэгээд л энэ жаахан хүүхдүүд их сайжирч, сайн барилдаж байгаа нь "чөлөөт бөх" бас хэрэгтэй юм гэж хүмүүс ойлгож, бөхчүүд ч чөлөөт бөхөөр барилдах, хичээллэж эхэлсэн. Тэгж л Баянхонгорт 1966 оноос чөлөөт бөх хөгжиж, 1967 онд манай сургуулиас хөдөө сумдаар явж чөлөөт бөхийг сурталчилж байлаа. Чөлөөт бөхийн аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах болж ингэж л хөдөө орон нутагт энэ спорт хөгжиж эхэлсэн дээ.


-Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /FILA/-ноос "Ойдов" гэж шинэ мэхийг албан ёсоор дэлхийн дахинд зарласан. Таны энэ мэхийг бөхчүүд сурах болсон түүхээс сонирхуулна уу?


-1974 онд Болгарын Севильеев хотноо /Дан Коловын төрсөн нутаг/ болсон тэмцээнд Ираны Карман Шах гэж бөхтэй дөрвийн даваанд барилдаж байхад, /тэр бөх зүүн гарт өмсөх мэх хийдэг бөх байсан/ тэр бөхөд хариугүй зүүн гартаа өмсүүлчих гээд байх үед надад энэ мэхийг хийх санаа орж ирсэн юм. Дунд гурван минутад хөлийг нь бариад алдчихсан. Гэхдээ энэ мэхийг тас гэдэргэнэ дайрч хийх ёстой юм байна гэж ойлгосон. Энэ тэмцээнд би түрүүлсэн. Тэгээд нутаг буцаж явахдаа онгоцон дотор энэ мэхийг яаж хийх талаар бодсоор байгаад л эх орондоо ирсэн. Тэр жил Баянхонгорт Улсын АШТ болсон. Тэгэхэд би Архангай аймгийн Оросоо гэж бөхөд энэ мэхийг хийж долоон секундэд цэвэр ялсан юм. Тэгээд л удалгүй дэлхий, олон улсын дэвжээнд энэ мэхээ хийж таниулсан. Тэгээд л олон улсын бөхчүүд, дасгалжуулагч, шүүгчдийн дунд "Ойдов" мэх гэж нэрлэгдэх болсон. 2004 онд олимпийн спортын төрлөөс Дэлхийн аварга цол хүртсэний 30 жилийн ойд зориулсан тэмцээн боллоо. Энэ үеэр уг мэхээ шинээр бүртгүүлье гэж шийдээд ФИЛА-д явууллаа. Тэгсэн энэ мэх монгол хүний зохиосон мэх биш гэсэн хариу ирсэн. Ийм хариу ирэхээр нь дахиад уг саналаа франц хэл дээр хөрвүүлж, Си Ди-г нь бичээд явуулсан. Түүндээ 1974 онд Ираны Карма Шах гэж бөхтэй барилдаж байхад энэ мэхийн санаа орж ирж, анх удаа хийж барьц бариад алдсан. 1974 оны Азийн тоглолтын аваргын төлөөх барилдаанд би Ираны Навай гэж бөхийг уг мэхээ хийж ялсан. Улаанбаатарын "Итернациональ" ОУТ-д ОХУ-ын бөхийг энэ мэхээр ялсан. Энэ мэхийг хийх болсноос хойш хоёр жилийн дараа 74 кг-д Оросын бөх Абдул Муслимов энэ мэхийг босоогоос хийгээд ингэж алдсан гээд бүх баримтуудыг нэр устай, даваатай нь тов тодорхой бичээд явуулсан. Тэгээд үүнийг 2005 онд Унгарт болсон ФИЛА-гийн их хурлаар хэлэлцээд үнэхээр энэ мэхийг тус хурлын 81 гишүүний 100 хувийн саналаар Ойдов гэж Монгол хүн зохиож, бид 30 жил "Ойдов" гэж нэрлэж ирсэн гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм билээ. Тэгээд л ФИЛА-гийн техникийн зөвлөлөөс уг мэхийг "Ойдов" гэж нэрлэхээр болж дэлхий дахинд зарласан. Тэгээд надад үнэмлэх, дипломыг илгээсэн юм. Яагаад энэ мэхийг ФИЛА-д тэмдэглүүлэх болсон гэвэл, Болгарын бөх судлаач эрдэмтэн, доктор А.Петров гэдэг хүн сүүлийн 200 жилд чөлөөт бөхөд шинэ мэх бүртгэгдсэнгүй гэж мэдэгдсэн.   Тэгэхээр нь би өөрийн энэ мэхээ шинэ мэх гэж тэмдэглүүлэх санаа төрсөн юм.




-Өнөөгийн манай чөлөөт бөхийн амжилт, ололтын талаар та юу хэлэх вэ?


-Монгол бөхийн орон гэгддэг. Эрийн гурван наадамтай, бөхөө шүтэж хүндэлдэг ард түмэн. Дэлхий дээр бас бидний адил Иран, Турк, Болгар гээд бөхийн спортыг илүү гаргууд шүтэж, хөгжүүлдэг уламжлалтай улс орнууд бий. ОХУ, Америк, Хятад гээд бүх төрлийн спортыг жигд хөгжүүлж байгаа улсууд ч байдаг. Спортын амжилт нь тухайн улс орны хөгжил, амжилтын илэрхийлэл төдийгүй бусдаас хүчтэй, хүн ард нь эрүүл чийрэг сайн сайхан аж төрж байгааг нотлон харуулдаг болсон эрин үед бид амьдарч байна. Тухайн спортоор амжилтанд хүрнэ гэдэг нь тамирчин хүнд эрсдэлтэй хэдий ч бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх нь үнэхээр хүн ардын эрүүл мэндэд ямар ч сайн эм, тарианаас илүү ач тустай гэдгийг дэлхий дахин мэддэг болжээ. Манайд нэг хэсэг спортын хөгжилд анхаарах, хөрөнгө оруулалт хийх асуудал зах зээл, эдийн засгийн бэрхшээлээс үүдэн орхигдсон тал бий. Бас үүний зэрэгцээ манай залуучуудын хувьд ах захаа хүндэтгэх, тэдний зөвлөлгөөг авах талаар учир дутагдалтай байгаа. Дасгалжуулалт, сургалтын арга барилд алдаа гарсан тал ч бий. Харин сүүлийн жилүүдэд спортод төрөөс ихээхэн анхаарч, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдэнд чамгүй мөнгөн урамшуулал олгох болсон нь спортын дасгалжуулалт болон амжилт гаргахад том дэмжлэг болж байна. Харин манай тамирчид, дасгалжуулагчдын ур чадвар, амжилтаа ахиулахад голлон анхаарах асуудал бол тамирчин хүний ёс зүй, сахилга бат, хариуцлага, сэтгэл маш чухал. Өнөөдөр дэлхий, олимпийн аваргуудтай болох бүх боломж нь нээлттэй байна. Манай эрчүүдийн хувьд олон жил тасарсан олимпийн медальтныг төрүүлэхэд нэгдсэн бодлого, сахилга бат, хамтын хүч үгүйлэгдэж байна. Ер нь аль ч спорт адил, чөлөөт бөхийн хувьд ч энэ замыг туулж байж л амжилтанд хүрнэ.

Холбоотой мэдээ