Т.Гантөмөр: Өвөлжилтийн бэлтгэл ажил 96.3 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-05 09:29:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн тавдугаар сард болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангах, зарим арга хэмжээний талаар хэлэлцэж инженерийн байгууллагуудад 14 чиглэлээр үүрэг өгсөн юм.

Тус ажлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосны дагуу өчигдөр өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Дээрх ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ, “Амгалан дулааны станц, II, III, IV цахилгаан станцууд нийтдээ 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 259 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай. 12-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ОСНААУГ, УСУГ, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК зэрэг Инженерийн хангамжийн 12 байгууллага өвөлжилтийн бэлтгэл хангахаар 349 ажил төлөвлөснөөс 337 ажлыг гүйцэтгэж 97 хувийн биелэлтэй байна. Нийслэлийн харьяа агентлагууд 94 хувь, дүүргүүд 97 хувийн бэлтгэлтэй байгаа” гэв.

Нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламжийн цас арилгах 2472.08 тонн тусгай зориулалтын бодис, 1420.8 тонн давс нөөцөлсөн байна. 

Холбоотой мэдээ