"Хүмүүн бичиг"-ийг ангиараа захиалснаар унших, бичих чадвараа дээшлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-08 12:01:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн Б.Цэрэндэжид багштай 8а ангийн сурагчид “Хүмүүн бичиг” сониныг хоёр дахь жилдээ захиалан уншиж байна.

Тус анги нийт 23 сурагчтай бөгөөд 11 нь хөвгүүн, 12 нь охин. Б.Цэрэндэжид багш 2007 онд МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуулийг төгссөнөөсөө хойш боловсролын салбарт 11 дэх жилдээ ажиллаж буй. Монгол хэл, уран зохиолын мэргэжилтэй учраас “Хүмүүн бичиг” сониныг ангийн хүүхэд бүрээр захиалуулж, монгол бичгийн бичиглэлийг судлуулж ангидаа төдийгүй сургуульдаа бийрэн бичлэгийн дугуйланг хичээллүүлдэг.

Сурагчид багштайгаа хамтарсан бийрийн бичлэгийн бүтээлүүдээ ангийн гадна талын хананд өлгөж, Монгол бичгийн гоё сайхан бүхнийг бусад сурагчдад сурталчилан таниулдаг байна.

"Үндэсний бичиг үсгийн баяр болон монгол бичгийн олимпиадуудад бусад ангийн хүүхдүүдийг манлайлан оролцдог. “Хүмүүн бичиг” сониныг захиалж, тогтмол уншсанаар уншиж, бичих чадвар дээшилж, үг тогтоох, нүдлэх, унших хурд ахисан гэж анги удирдсан багш Б.Цэрэндэжид ярив.

Дашрамд дуулгахад, дөрөвдүгээр сургууль нь 2014 оноос эхлэн сургуулийнхаа зорилго, зорилт болон бүх ангийн хаягийг монгол бичиг, крилл үсгээр хослуулан бичсэн анхдагч сургууль юм.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ