Европ тивийнхэн арга мэх хэрэглэн Америкийн хоригоос зайлсхийхийг оролдож байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-10-05 11:58:13

Ираны эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээ 11 дүгээр сард үйлчилж эхэлнэ. Энэ нөхцөлд Иран улстай худалдааны харилцаагаа үргэлжлүүлэх боломжийг Европын компаниудад олгох, Ирантай хийж буй бизнесийг нь өнгөлөн далдлах зорилгоор Европын Холбооны зүгээс төлбөрийн платформыг бий болгохыг эрмэлзэж байна. Тус холбооны эл санаачилга цаг хугацаа алдсан хэдий ч АНУ-ын худалдааны дарамтаас чөлөөлөгдөхөд чиглэсэн анхны зөв алхам мөн гэж Германы “Die Welt” сонинд дүгнэн бичжээ.


Европын Холбооны энэ төлөвлөгөө Америкийн Ерөнхийлөгчид таалагдах нь юу л бол. 11 дүгээр сард хүчин төгөлдөр болох АНУ-ын хатуу чанд хоригоос бултан тойрч гарахын тулд заль мэх хэрэглэхэд хүрч, ингэснээрээ дипломат их буугаар Америк руу галлаж байгаатай адил зүйл боллоо. Америкийн торгуулиас эмээлгүйгээр Ирантай бизнесээ үргэлжлүүлэх боломжийг Европын компаниудад олгох үүднээс төлбөр тооцооны платформ маягийн зүйл бий болгохыг Европын Холбоо хүсч байна. Учир нь, Ирантай хамтран ажиллаж буй бүх компанийг АНУ-д бизнес хийх боломжгүй болгоно гэж АНУ-ын засгийн газар сүрдүүлж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган эхлэхийн өмнөхөн ЕХ-ны гол дипломатч Федерика Могерини-гийн дэвшүүлсэн энэ санаа нь тун мэргэн төлөвлөгөө юм. Худалдааны шинэ платформ нь Ирантай хийж буй бизнесийг дэлхийн санхүүгийн системээс гаргах ёстой. Уг платформд данснуудыг байрлуулж, төлбөрүүдийг хийж, санхүүгийн урсгалууд нэргүй “нууц байдлаар” шилжинэ. Герман, Хятад, Франц, Орос, Их Британи гэсэн улсууд тусгай зориулалтын ийм компани (Special Purpose Vehicle/SPV) байгуулах явдлыг дэмжих бодолтой байна. Гэхдээ уг платформыг хаана байршуулах, хэрхэн санхүүжүүлэх, үйл ажиллагаа нь чухам ямар хэлбэрээр явагдах нь одоохондоо тодорхойгүй байгаа. Гэхдээ дам яриаг сонсвол, түүнийг Люксембургт байгуулах бололтой. Гуравдагч орнууд ч мөн адил уг платформоор үйлчлүүлж болох аж.

 

Зарчмын хувьд SPV нь зохицуулалтын төв маягаар ажиллах ёстой. Жишээ нь, Иран улс нефтиэ Италид зарлаа гэж бодъё. Харин Германы машин үйлдвэрлэдэг нэгэн фирм тоног төхөөрөмжөө Тегераны аль нэгэн үйлдвэрт нийлүүллээ гэж бодоход, Ираны нефтийн төлбөрийн мөнгийг Германы фирмийн дансанд хийнэ.

Гэхдээ ийм маягаар АНУ-ын хоригоос зайлсхийж үнэхээр чадах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Наад зах нь гэхэд, дэлхийн зах зээлд тоглодог бөгөөд Иранд том төслүүд хэрэгжүүлж буй концернуудын хувьд ажиглагчид болон агентуудын хараанаас бултаж чадахгүй л болов уу. Энэ тохиолдолд тухайн компанийн санхүүгийн урсгал хаашаа чиглэж байна вэ гэдгээс үл шалтгаалан АНУ-ын зүгээс “өшөө авах” болно. Америкт бизнестэй олон компанийн хувьд энэ нь маш том эрсдэл билээ. 

Түүнээс гадна, дээрх санаачилга дэндүү оройтож гарч ирлээ. Ираны тухай сэдэв хаагдсан гэх үгийг Германы ажил хэргийн хүрээнийхнээс олонтоо сонсч болно. Гэхдээ завсрын энэхүү шинэ холбоос бол наад зах нь гэхэд, хэрэгтэй чиглэлд хийсэн алхам гэж үзэж болох юм. Үүний зорилго нь Европыг доллароос аль болох хамааралгүй болгох явдал билээ. “Европын Холбоо нь эдийн засгийн асуудлаар илүү бие даасан байх ёстой” гэж Германы аж үйлдвэрийн холбооны гүйцэтгэх захирал Йоахим Ланг хэлсэн юм. Үүний тулд Европын Комисс зохих аргуудыг боловсруулах ёстой гэж тэрбээр үзэж байна.   

Төлбөр тооцоо хийх нь Ирантай хийж буй бизнест гардаг хамгийн том бэрхшээлтэй асуудал юм. Америкийн хоригт ороогүй компаниуд ч гэсэн Ирантай бизнес хийхэд нь үйлчилгээ үзүүлэх банкийг олж чадахгүй байна. “ЕХ-ны байгуулахаар төлөвлөж буй зохицуулалтын төв нь иймэрхүү бэрхшээлүүдийг даван туулах арга хэрэгсэл байж болох юм” гэж Германы Аж үйлдвэр, худалдааны танхимуудын холбооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Фолькер Трайер ярилаа. Гэхдээ Америкийн хориг чангарсны хариуд алхам хийхдээ ЕХ дэндүү их оройтож, цаг алдсан гэж тэрбээр үзэж байна. “Дээрх санал цаг алдсан, гэхдээ дунд хугацаанд нөхцөл байдлыг сайжруулж болох юм” гэж Трайер хэллээ.   

 

“Хар жагсаалт”-аас эмээх нь

 “Германы аж үйлдвэрийн өдөр”-ийн үеэр Германы аж үйлдвэрийн холбооны явуулсан санал асуулгад оролцсон бусад эдийн засагчид, компаниудын төлөөлөгчдийн хувьд тэд бүр ч гутранги бодолтой байгаа аж. “Германы ихэнх компаниуд Иранаас гарч явцгаасан. Үйл явдал ингэж өрнөж байгаа үед Европын Комиссын дээрх санаачилга юуг ч өөрчилж чадахгүй” гэж тэд ярьж байна.

Гэсэн хэдий ч ЕХ-ны санаачилга нь Ойрхи Дорнодод ажилладаг, гэхдээ АНУ-д бизнес эрхэлдэггүй дунд зэргийн компаниудад тус болж чадах юм. “Өөр бусад ямар ч компанид ЕХ-ны төлөвлөгөө хамгаалалт болж чадахгүй. Хэрвээ АНУ-ын зохих албад Ирантай ажил хэргийн холбоотой байна гэдгийг нь илрүүлэх аваас тухайн компаниуд хар жагсаалтанд орж, АНУ-д бизнес хийх боломжгүй болно” гэж аж үйлдвэрийн салбарын бага хуралд оролцогчид ярьж байна. ЕХ-ны бодож олсон санхүүгийн бүтцийн бүхий л арга мэхийг хэрэглэсэн ч гэсэн томоохон концернуудын хувьд Ирантай тогтоосон ажил хэргийн хэлхээ холбоогоо нууж хааж чадахгүй юм.  

Эдийн засгийн хүрээний олон төлөөлөгчдийн хувьд Ирантай хийж буй бизнесээ аврах нь тийм ч чухал биш байгаа юм. Хамгийн гол нь, Европын Комиссын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр АНУ-аас үл хамаарах байдал улам нэмэгдэнэ хэмээн тэд найдаж байгаа юм. “Дэлхийн худалдаан дахь долларын давамгайллыг аль болохоор багасгах талаар бид бодох ёстой. Хэрвээ худалдааг еврогоор хийвээс энэ нь АНУ-ын нөлөөг автоматаар бууруулах болно” гэж эдийн засагчид үзэж байна. Тэдний үзэж байгаагаар, ЕХ-ны төлөвлөгөө нь энэ чиглэл дэх эхний зөв алхам аж. “Эцсийн эцэст, Европын SWIFT төлбөр тооцооны систем бий болсноор АНУ түүнд нөлөөлөх боломжгүй болно. Энэ нь дэлхийн худалдаан дахь Вашингтоны нөлөөг хязгаарлана” гэж тэд ярьж байна.  

Худалдааны салбар хохирсон нь

5 дугаар сарын эхээр Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан олон улсын цөмийн хэлэлцээрээс АНУ гарч байгааг мэдэгдсэн. Тэрбээр уг гэрээ тохиролцоог “сүйрэлд хүргэж мэдэхээр” гэж тодорхойлоод, Ираны эсрэг хоригуудыг олон үе шаттайгаар чангатгах гэдгээ зарлан мэдэгдсэн билээ. Эхний багц хоригт Иран улс доллартой болохыг хориглосон. Түүнчлэн алт болон бусад зарим үнэт металлууд, түүхий эд, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдаа хийх нь хүндрэлтэй болсон. Ираны хүнсний бүтээгдэхүүн, хивсийг АНУ-д нийлүүлэхийг хориглов.  

11 дүгээр сарын эхээр маш хатуу хоригууд үйлчилж эхэлнэ. Эдгээрийн зорилго нь Иран улсыг нефть болон хийгээ худалдах боломжгүй болгож, Ирантай хийж буй олон улсын төлбөр тооцоог зогсооход чиглэжээ. Ийм арга хэмжээ авснаараа Д.Трамп Тегераны засгийн газрыг эдийн засгийн хувьд өвдөг сөхрүүлэхийг хүсч байна.

АНУ-ын хоригийн улмаас хоёр талын худалдаанд мэдэгдэхүйц хохирол гарлаа. Германы Худалдаа-аж үйлдвэрийн танхимын мэдээллээр бол, 5 дугаар сард Трамп хориг тавихаа зарласнаас хойш Германаас Иранд нийлүүлж буй  барааны хэмжээ 18 хувиар буурчээ. Завсрын үед Германы 100 гаруй компани Иранд төлөөлөгчийн газраа нээгээд байсан бол тэдгээрээс олон нь өдгөө хаагдсан байна. ЕХ-ны гишүүн улсуууд 2018 оны эхний хагас жилд Иранд 6 тэрбум гаруй еврогийн бараа нийлүүлсэн бол Иранаас бараг 4,5 тэрбум еврогийн бараа импортолжээ.

Орчуулсан: Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20181001/243359675.html

https://www.welt.de/wirtschaft/article181665512/Handel-mit-dem-Iran-Mit-einem-Trick-will-sich-Europa-vom-amerikanischen-Diktat-loesen.html?w%20trid=onsite.onsitesearch

 

Холбоотой мэдээ