ОХУ-ын уулын спортын аварга Сергей Глазуновын гэгээн дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-05 12:53:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд ОХУ-ын спортын мастер, аварга, багш дасгалжуулагч  Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Үндэсний музейд боллоо.

Уг үзэсгэлэн нь “Боломж үргэлж байдаг...” төслийн эхлэл бөгөөд энэхүү уриан дор залуу тамирчдад дэмжлэг үзүүлэх санг үүсгэн байгуулж, үзэсгэлэнгийн явцад уулын спортыг дэмжих, шинэ маршрут гаргах, сургалт зохион байгуулах зорилгоор Монголын уулчдын үндэсний холбооноос зохион байгуулж байна.

ОХУ-ын спортын мастер Сергей Глазунов нь Пакистаны Латок /7145 метр/ оргилын хойд ханаар авирах маршрутаар 2018 оны 7 дугаар сарын 24-нд хамтран авирагчтайгаа гарч мөрөөдөлдөө хүрсэн боловч 2018 оны 7  дугаар сарын 25-ны өдөр харамсалтайгаар амиа алджээ. Иймээс түүний дурсгалд зориулсан үзэсгэлэнг монголын үзэгчдэд толилуулж буй юм. Үзэсгэлэнд уулын спортын тухай, уулчдын хөрөг гэхчлэн 80 орчим гэрэл зураг багтжээ. Уулчин хүний амьдрал эрч хүч, энергиэр дүүрэн байдгийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.



Түүний ах, уулын спортын мастер Евгений Глазунов хэлэхдээ, “Миний дүү үргэлж орчноо ажиглаж, хөгжин дэвшихийн төлөө бүтээж туурвиж, амьдрал, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэн урагшаа тэмүүлж үүнийгээ бодит үйлдэл дээр харуулдаг, ердөө аз жаргалтай амьдрахыг хүсдэг нэгэн байлаа. Дүү минь уулчин төдийгүй гэрэл зурагчин байсан. Тэрбээр уулын спортоор хэрхэн хичээллэж байсан, энэ хугацаанд гаргасан амжилт, уулчдын дунд тохиолддог бэрхшээл зэргийг өөрийн дуран авайдаа буулгасан. Түүний дуран авайд буусан гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж байгаадаа баяртай байна. Бид өмнө нь 3 хэсгээс бүрдсэн эл үзэсгэлэнгээ ОХУ-ын 20 гаруй хот болон Польшид гаргасан. Монголын уулын клубуудтэй жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн. Энэ үзэсгэлэн хоёр орны уулчдын төдийгүй ард түмний найрамдалт хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үзэсгэлэн хоёр өдөр олны хүртээл болно.

Холбоотой мэдээ