Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 20 шилдэг туршлагыг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-05 13:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн албаны 80 жилийн ойн хүрээнд “Сайн туршлага-2018” арга хэмжээг Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 03-нд зохион байгууллаа. 

Энэ өдөр НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын нийт 198 бүтээлийн үзэсгэлэн дэлгэсэн юм. Үзэсгэлэнг харьяа байгууллага болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, “Мөнгөн гүүр” эмнэлэг, Нялхсын клиник сувиллын төлөөлөл бүхий 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзэж сонирхов. Шүүгчдийн бүрэлдэхүүн үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж, нийт 5 номинаци, шилдэг 20 сайн туршлагыг шалгаруулав. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах асуудлыг шийдвэрлэн ажилласан бүтээл номинацид Шүд эрүү нүүрний төвийн “Хүүхдийн кресло”, Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид Өргөө амаржих газрын “Гистероскопи хагалгаа”, Шинээр нэвтрүүлсэн оношилгооны технологи, хэрэгжилтийн үр дүн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн “ЭХО-оор яс, үе, булчингийн эмгэгийг оношлох нь”, Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид Чингэлтэй  дүүргийн эрүүл мэндийн төвийн “Бага насны хүүхдийн 12 өдрийн нэмэгдэл хоолны сургалтын аргачлал”, Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи, хэрэгжилтийн үр дүн номинацид Амгалан амаржих газрын “Гарын ариун цэврийг сахих 5 мөчийг үнэлэх SpeedyAudit апликейшн” тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардав.

Мөн “Сайн туршлага-2017” арга хэмжээнд сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгаа, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлэн үр дүн тооцон ажилласан Баянгол, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Сайн туршлага” дэлгэрүүлэх энэхүү үйл ажиллагааг жилээс жилд улам өргөжүүлж, бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр онцолсон юм.

Холбоотой мэдээ