С.Чулуун: Монгол судлалыг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-10-05 13:36:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд монгол судлал үүсч хөгжсөний 200 жилийн ой тохиож буй билээ. Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуунтай ярилцлаа. Доктор С.Чулуун Монголын талаарх түүхийн холбогдолтой эх сурвалжууд, баримт материалуудын арвин баялаг цуглуулгатай, Дэлхийн олон орны архиваас Монголынхоо түүхийн холбогдолтой шинэ сонин баримт материалуудыг судлан, түүхийн судалгааны шинэ чиглэл болоод монгол судлалын шинэ хандлагыг бий болгож яваа түүхч юм.


-Энэ жил олон улсын монгол судлал үүссэний 200 жилийн ой тохиож байна. Анх байгуулагдах түүхэн цаг үе буюу 1818 онд юу өрнөсөн талаар ярихгүй юу?


-Монгол судлал хэмээх чиглэл яг хэзээ сууриа тавьсан бэ гэвэл маш эртний уламжлалтай. Ерөнхийдөө Европууд 13 дугаар зууны үеэс Монголыг сонирхож эхэлсэн байдаг. Плано Карпини, Вильгелм Рубрик, Марко Поло нарын тэмдэглэл, номууд гарсан. Энэ мэтээр Монгол нутгийг судлах, таних мэдэх, нүүдэлчдийн тухай мэдээллийг Европт түгээх ажил эртнээс хийгдсэн. Мэдээж монголчууд тодорхой хугацаанд дэлхий дахины сонирхлыг татсаар байсан учир Иранд өв нь хадгалагдаж буй Ил хаадын үед Монголчуудыг төлөөлүүлж дэлхийн түүхийг анх удаа бичсэн байдаг. Үүнийг Рашид Ад-Диний "Судрын чуулган"-ны жишээнээс ч үзэх боломжтой. Энэ цагаас хойш өрнө болон дорно дахины олон жуулчид, аялагчид монгол нутгаар хэрж аяллын тэмдэглэл бичиж, хээрийн судалгаа нийтлүүлсэн байдаг.


Үүнээс хойш Эзэнт гүрний хүч суларсны дараагаар хэсэг хугацаанд монгол орныг анхаарах судлаачдын хандлага багассан. Харин XVI-XVII зууны үеэс дахин анхаарал хандуулах болсон. Жишээ нь XVII зууны эхэн хагаст солонгос болон хятадын зарим аялагчдын тэмдэглэл болон оросоос гарч хятад орох замдаа монголоор дайран өнгөрч Манж Чин улстай харилцдаг байсан элч нар манай улсын тухай мэдээ, мэдээллийг дахин дэлхий нийтэд түгээж эхэлсэн. Ингэж явсаарXVIII зууны үеэс судалгааны зорилготойгоор монгол орны ёс заншил, хэл соёлыг судлах ажил эхэлсэн байдаг. Цаашилбал XIX зуун буюу 1800-гаад оны эхэн үеэс монголчуудын түүх, монгол орныг судлах ажил нэлээдгүй эрчимтэй явагдсан.


Яг энэ түүхэн үед Оросын эзэн хааны дэмжлэгтэйгээр Казанийн шашны сургууль байгуулагдсан бөгөөд түүн дотор дорно дахиныг судлах судалгааны чиглэлийн үүсэл тавигдсан. Үүнийг нэг жишээ нь гэвэл Казаньд 1818 онд “Азийн музей” гэж байгуулагдсан. Тус музей нь Азийн улс орнуудын түүх, соёл, шашин шүтлэгийг судлах гол зорилготой байсан бөгөөд дорно дахины орнуудаас цуглуулсан 2500 ном, гар бичмэл, 20 гаруй мянган зоос бүхий сан хөмрөгтэй байсан. Үүнд хамгийн эхэнд судлах ёстой орон нутаг нь “Монгол” бөгөөд нүүдэлчдийн ертөнц байсан. Харин нөгөө талд нь Ислам болон Лалын шашинтай орнуудыг судлах чиглэл бий болсон.Мөн Азийн музейн хамгийн анхны захирал Фрейн гэдэг хүн “Алтан ордны зоос”-ны талаарх судалгааг өөрийн ажлын гол чиглэл болгосон байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд тухайн үед өөрийн бие даасан хараат байдал, статусаа алдчихсан, Манж Чин улсын эрхшээлд байсан боловч түүх соёлынхоо хувьд монгол орон дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Энэ нь албан ёсоор дэлхийн монгол судлалын үүд хаалга болсон гэж үздэг.Улмаар 1833 онд Казанийн их сургуульд Монгол хэлний тэнхим байгуулагдсан. Уг баримтуудаас харахад өнөөдөр дэлхийд тэргүүлдэг Оросын дорно дахин судлалын гол цөм нь “Монгол судлал” болж хөгжсөн, өдгөө ч хэвээрээ байгаа нь харагдаж байгаа биз.


-Олон улсын монгол судлалыг хариуцах төв нь Монгол Улсад байгаагийн ач холбогдол юу вэ?


-Монгол судлал үүссэн 200 жилийн хугацаандаа хэд хэдэн үе шатыг дамжин өнгөрсөн. Нэгдүгээр үе шат нь дээр өгүүлсэнтэй адил Монгол, Хятад, Манж Чин улсыг сонирхон судлах байсан. Тус орнуудаар аялагч жуулчид дайран өнгөрч мэдээлэл, материал цуглуулах ажил эхэлсэн. Дээрээс нь монгол хэл, үүх түүхийг судлах ажил давхар хийгдсэн. Ялангуяа Орос, Европын эрдэмтэд анхаарлаа түлхүү хандуулж нүүдэлчдийн аж ахуй, Чингис хааны үе, Монголчуудын байлдан дагуулалтын үйл хэргийг судлах ажил XIX зууны туршид эрчимтэйгээр явагдаж байсан. Ингээд 20 дугаар зууны эхэн гэхэд монгол судлал Орос болон Европ дахинд сууриа бат тавьсан. Хоёрдугаарт 1920-иод оноос хойш монгол судлал маань бусад олон улсад дорно дахин судлалын дотор томоохон байр суурийг эзэлдэг судалгааны тусгай чиглэлүүд болж хувирсан. Жишээ нь Орост зөвхөн монголчуудын талаар тусгайлан судалдаг В.Л.Котвич, Б.Я.Владимирцов зэрэг монголч эрдэмтэд төрөн гарсан бөгөөд басхүү Петербургийн их сургуулийн хажууд болон Оросын Шинжлэх ухааны академийн дэргэд “Монголын кабинет” гэж байгуулсан. Энд Монголын түүх соёл, ёс заншлыг судалж, цаашилбал монгол судлаач залуусыг тэнд бэлтгэж эхэлсэн. Жишээ нь Д.Нацагдорж, Б.Ринчен зэрэг бичгийн их мэргэд маань Петербургийн сургуульд суралцсан түүхийн эхлэл нь энэ юм.


1950-иад оны сүүл үеэс монгол судлалд дахин өөрчлөлт орж, шинэ судлагдахууны үе эхэлснээр барууны орнууд манай улсыг илүүтэйгээр сонирхож судлах болсон. Энэ нь угтаа Оросын Азид явуулж буй бодлого, системийг нарийвчлан судлахын сацуу тусгал болсон улсынх түүх соёл, нөхцөл байдлыг харах толь болж өгсөн хэрэг. Тиймдээ ч Унгарын Л.Лигети, Бельгийн Антоон Моостэрт зэрэг нэртэй монголч эрдэмтдийг тухайн цаг үе төрүүлсэн байдаг. Яг энэ үед дэлхийн монгол судлалыг Монгол Улсад төвлөрүүлэх ёстой гэсэн хандлага бий болсон. Тиймээс 1959 онд олон улсын монгол хэ,л бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус хуралд Англи, АНУ, Канад, Энэтхэг, Япон, БНАГУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ, БНМАУ зэрэг 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож, монгол хэл, утга зохиолын сэдвээр нийтдээ 34 илтгэл хэлэлцүүлсэн байдаг. Энэ хурал бол “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” байгуулагдахын угтал эхлэл болсон гэж үздэг. Мэдээж манай улс өөр хоорондоо хоёр хананы цаана оршиж байсан ч ихээхэн ач холбогдол өгч бүтэн сарын туршид гадаадын монголч эрдэмтэдтэй харилцаа тогтоох, монгол нутгаар аялж, хөдөө нутгаар явж лекц унших зэрэг олон ажил тухайн үед хийгдсэн. Улс орны хувьд үзэл суртлын томоохон зөрчилдөөнтэй байсан ч монгол судлалын чиглэлүүд энэ үеэс л үүсэлтэй байсан юм.


 1990-ээд оны ардчилсан үйл явц, улс төрийн шинэ тогтолцооны үед зөвхөн монгол бус япон судлал, араб судлал зэрэг томоохон чиглэлүүд эрчимжиж эхэлсэн. Тиймдээ ч монгол судлал тухайн цаг мөчид жаахан цалгардсан. Гэхдээ энэ үеэс дан ганц Монгол Улсыг судлах бус “Монгол ба бүс нутгийн хүрээн дэх судалгаа”-ны шинэ чиглэл бий болж Францад “Монгол ба Сибирийн судалгаа”, Англид “Монгол ба дотоод Азийн судалгаа”, Америк болон Европт “Монгол ба ЕвроАзийн судалгаа”, Орост “Монгол ба Төв Азийн судалгаа”, Японд “Монгол ба Зүүн хойд Азийн судалгаа” зэрэг чиглэлүүд маш хүчтэйгээр хөгжсөн. Энэ нь монгол судлалын гурав дахь үеийг авчирсан юм.


1959 онд эхэлсэн хурал маань түр завсарласны эцэст“Монголч эрдэмтдийн их хурал” нэртэйгээр 1972 ондхоёр дахь хуралыг зохион байгуулсан. Тус хурлын үеэр “Монголч эрдэмтдийн байнгийн хороо”-г анх үүсгэн байгуулж таван жил тутамд зохион байгуулагдах хурлын бэлтгэл ажлыг хангах үүрэг оноосон. 1987 онд Олон Улсын Монгол Судлалын Холбоо(ОУМСХ) гэх албан ёсны төрийн бус байгууллагыг тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулсан. Ингэж дэлхийн монгол судлалыг зангидан төвлөрүүлдэг гол байгууллага бий болсон.


Харин “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” эх орондоо байхийн гол ач холбогдол нь юу вэ гэхлээр дэлхийн монголыг судлах судалгааны төв нь Монгол Улсад оршиж буйг тодорхойлж байгаа хэрэг. Хоёрдугаарт монгол судлалыг төрийн ивээлд байлгах үүд хаалга болж байдаг. Гуравдугаарт төрөөс бодлоготойгоор монгол судлалыг дэмжих үндэс суурь нь болдог. Дөрөвдүгээрт гэвэл монголд судалгааны чиглэлд хамаарагдах бүхий гол судар ном, археологи, түүх соёлын өв нь хадгалагддаг. Дээр нь нэмж хэлэхэд монголын сонгодог нүүдлийн өв шинжийг бид эдүгээ хүртэл алдалгүй хадгалж буй учир монголч эрдэмтдэд судлах боломжийг бүрдүүлдэг. Тиймдээ ч судалгааны төв нь эх орондоо байхийн ач холбогдол үүгээр илэрч гардаг.


-Дэлхийн монгол судлалын өнөөгийн өнгө төрх ямархуу байдалтай байна вэ?


-Өнөөдөр монгол судлалд дахин нэг сэргэлт, шинэчлэлтийн үе ирээд байна. Энэ нь юу гэхлээр монгол судлалыг сонирхох, төр засгаас ивээлдээ авах эрчимтэй давалгаа бий болсон. Ер нь бол дэлхийн монгол судлалын төвүүд 1990-ээд оны дараагаас бага сага хүнд нөхцөлд орж зарим төвүүд, семинар татан буугдаж байсан. ХаринМонголын төрөөс сүүлийн хэдэн жилд монгол судлалыг сэргээх, дэмжих зорилгоор тодорхой бодлого, хөтөлбөр, дэмжлэгүүдийг үзүүлж эхэлснээр энэ хандлагыг өөрчилсөн. Ялангуяа Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын Үндэсний Зөвлөл, монгол судлалын гол тулгуур үйл ажиллагаа явуулж буй судалгаа, сургалтын газруудын идэвхжилтээс ихээхэн хамаарч байна. Дэлхийн Монгол судлалын төвүүд уламжлалт хэл, түүхийг судлах ажиллагаанд төвлөрөхөөс гадна нийгэм соёлын хүн судлал, археологи, эдийн засаг, орчин үеийн улс төрийн байдлыг судлах явдал ихэссэнээс гадна дан ганц Монгол Улсыг бус бүс нутгийн хэмжээнд анхааран судлах явдал идэвхжиж байгаа. Тиймээс бид одоогоор гадаадын монгол судлалын 40 гаруй төвтэй нягт холбоотой ажиллаж, тэдгээрт өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүл, цуврал болон монгол судлалын холбогдолтой шинэ мэдээлэл түгээх чиглэлээр ажиллаж байна. Үйл ажиллагаа маань нэг талаар монгол судлалын эрдэм шинжилгээний чиглэлтэй, нөгөө талаар, монгол үндэснийхээ түүх, соёл, зан заншил, улс орныхоо өнөөгийн бодит байдлыг судалгааны бүтээлээр дамжуулан гадаадад сурталчлан таниулахад чиглэгдэж байдаг. Цаашид Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөх, монгол үндэстнийхээ түүх соёлын судалгааг олон улсын хэмжээнд өргөжүүлэхийн тул гадаадын монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа, монголч эрдэмтдийн бүтээлийг дэмжих, монгол судлалын залуу үеийг бэлтгэхэд анхаарч байна.Хоёрдугаарт, Монгол судлаач эрдэмтдийн 2016 оны хурлаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж монгол судлалын холбоо бол зөвхөн судлалын газар биш, дэлхийд буй бүхий л монголч эрдэмтэн болоод өөрсдийн орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих, мэдээллээр хангах төв гэж үзэж байгаа.


Мөн үүн дээр хоёр ч асуудал гарч ирдэг. Монгол судлал гэдэг зөвхөн монголчуудын өнгөрсөн цаг үеийн түүхийг судалдаг уу эсвэл өнгөрсөн болон одоо, ирээдүйг судлах цогц судалгааны төв байх уу гэдэг нэг асуудал. Хоёрт монгол судлалын хүрээг хэрхэн тодорхойлох вэ гэсэн асуулт гарч ирдэг. Бид одоо монгол судлал зөвхөн монголын газар нутгийн дэвсгэрт бус Цагаан хэрэмнээс Байгаль далай хүрсэн, Солонгосын хойгоос Евро Азийн уудам газар нутгийг хамарсан бүс нутгийн хүрээнд байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид судалгааныхаа чиглэлийг бий болгож, дараа нь хүрээ хязгаарыг тодорхойлох хэрэгтэй. Гуравдугаарт судлаачдыг үүнд тааруулж бэлтгэсний хойно эрдэмтдийг тухайн нөхцөлд ажиллуулах материаллаг баазын нөөц боломжийг харах хэрэгтэй. Энэ дөрвөн зүйлийг тодорхойлсны дараа бид урагш шат ахих болно.




-Тэгвэл бид аль болох олон оронтой харилцан ажиллаж байж, монгол судлалын хүрээг цогцоор нь харж цаашид хөгжүүлэх ёстой гэсэн үг үү?


-Тийм ээ. Сүүлийн үед хэрэгжүүлж байгаа монгол судлалын төслүүдийн нэг нь бүсчлэн хөгжүүлэх талаарх асуудал юм. Үүн дотроо үндэслээд Монгол судлалын Европ болон Азийн олон улсын хурлыг жил бүр хийх, ирэх жилээс эхлээд Канад, Америкийн бүс нутгийн хурлыг жил бүр хийх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн жил бид бурхан шашны хурал хийж, төлөөлөл болгон “Ганжуур”, “Данжуур”-ын судалгааны талаар ярилцсан. Энэ онд гэхэд СУИС-тай хамтран соёлын өвийн талаарх хурал зохион байгуулсан. Ирэх жил түүхийн эсвэл утга зохиолын чиглэлээр томоохон хурал хийх төлөвлөгөө гаргасан. Ингээд бүс нутгуудад болон монголд зохиогдсон тус хурлуудын үеэрх яриа, хэлэлцээрийг нэгтгэж конгресс буюу таван жилд нэг удаа болдог том хурлаа зохион байгуулах ёстой гэж үзсэн. Ингэж чадвал монгол судлалыг илүү ойр, бүсчилсэн системтэй болгож байгаа хэрэг.


-Одоогоор монголч судлаачдыг хэрхэн бэлтгэж байна вэ?


-Өнөөдөр монгол судлаачдыг бэлтгэхдээ “чи үүнийг судал” гэж зааж зөвлөдөг хандлага хэрэггүй. Харин тухайн хүний сонирхсон чиглэлд хэр хэмжээний нөөц бололцоо байна, тэрийг нь бид хангаж өгөх, чиглүүлэх үүрэгтэй. Угаас бид дэлхийн эрдэмтдийн юу судлахыг заадаг бус тэдний судалж буй зүйлийг дэмжих, мэдээллээр хангах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй.


-Одоо тэгвэл Олон Улсын Монгол Судлалын Холбоо юуг зангидах ёстой юм бол оо?


-Дэлхийд байгаа Монголын соёлын өв, энэ чиглэлийн судалгааг бид зангидах ёстой. Тэр ч утгаараа “Дэлхийд тархсан монгол өв” гэдэг томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд одоогоор дэлхийн 34 улсын архив, номын сан, музейн фонд зэрэгт Монголын өв соёлтой хамаарагдах бичгийн болон эд өлгийн зүйлс хадгалаастай буй нь мэдэгдээд байна. Энэ дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэвлэн нийтлэх, улсын хэмжээний том төсөл болгож бүртгэлжүүлэх, түгээх, танин мэдүүлэх бололцоогоор хангах ёстой. Одоогоор дэлхийн 34 улсын 20 гаруйтай нь ямар нь нэгэн байдлаар харилцаа тогтоосон, харилцах үүд нээгдсэн байгаа.


-Монголч эрдэмтдийг тус холбооноос хэрхэн дэмжиж ажилладаг вэ?


-Манайх төрөөс мөнгө авдаг байгууллага биш, өөрсдийн хүчээр урагшилдаг. Харин сүүлийн үед БСШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалынҮндэсний зөвлөлөөс тодорхой дэмжлэг туслалцааг үзүүлэх болсон. Бидний зүгээс монголч эрдэмтдийн шилдэг сайн судалгааны бүтээлийг ном болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгох ажлыг хийж байна. Хамгийн сүүлд гэхэд Унгарын нэрт монголч эрдэмтэн Шаркөзи Ализийн “Сумати Раднагийн англи, монгол, төвд толь бичиг” хэмээх 2000 хуудастай бүтээлийг хэвлүүлж гаргасан байгаа. Энэ бол дэлхийн монгол судлалд оруулсан том үзэгдэл юм.


Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран монголыг судалдаг залуу судлаачдийг 3-8 хүртэлх сар эх орондоо ажиллах, суралцах, судалгаа хийх боломжоор хангаж тэтгэлэг олгохоор болсон. Үүнд жилд хоёр тооны судлаач хамрагдах боломжтой. Гуравт, оны шилдэг монгол судлаачид олгодог Монголын хамгийн өндөр шагналын сан бүхий шагналыг бий болгосон. Дэлхийн Монголын судлалд жинтэй хувь нэмэр оруулсан гадаадын нэг монгол судлаачийг тухайн оныхоо шилдэг монгол судлаач цом, мөнгөн шагналаар шагнаж байх юм.Өнгөрсөн онд гэхэдОХУ-ын монгол судлаачАнна Дамдиновна Цендина энэ шагналыг хүртэж 10.000 ам доллар, цом гардан авсан. Харин энэ жилийн хувьд удахгүй зарлаж, 12 дугаар сарын 29-нд олгохоор тогтсон байгаа.


Мөн бид монголч судлаачдыг цуглуулж хооронд нь харилцаа үүсгэж, томоохон төслүүдийг хийж байгаа. Жишээлбэл Японы эрдэмтэн, ОУМСХ-ны дэд Ерөнхийлөгч Юкио Кобаяаши гуайн удирдсан нэг төсөл бий. Энэ нь дэлхийн улсуудын архив, номын сан, музейд хадгалагдаж буй монголын өв соёлтой хамаарах 100-гаад жилийн өмнөх бүх гэрэл зургийн сан хөмрөгийг нэгтгэсэн дижитал сан хийж байгаа юм. Энэхүү дижитал сан 4 жилийн хугацаанд хийгдэж дууссаны дараа ОУМСХ албан ёсоор хүлээж авна. Энэхүү сан хөмрөгийг интэрнэтээр дэлхийн аль ч улсын иргэн үзэж, харж болно. Цаашилбал Британийн номын сангийн академийн дэмжлэг, Унгарын эрдэмтдийн оролцоотойгоор Монголын Шинжлэх ухааны академи, Түүх, археологийн хүрээлэн зэрэг газарт хадгалагдаж буй 100 мянган хуудас бүхий архивын материал, баримт бичгийг мөн дижитал сан хөмрөгт байршуулах ажил хийгдэж байгаа.




Мөн дээр дурдсан “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд 20 боть катологи хийх ажил дараагийн томоохон төсөл болж буй. Ийнхүү томоохон төслүүд бүрт улс орон болгоноос зайлшгүйгээр нэг эрдэмтнийг төлөөлүүлэн оролцуулж буй нь монгол судлалыг дэмжих, цаашид хөгжүүлэх томоохон дэмжлэг болж байгаа юм.


2019 он гараад эхлүүлэх нэг томоохон ажил нь дэлхийн 60 наснаас дээших бүх монголч эрдэмтдийн бүтэн ярилцлага, судалгаа шинжилгээний бүрэн бүтээл, амьдралын замнал намтрыг багтаасан цогц мэдээллийн санг байгуулахаар ажиллаж байна.


- Өнөөдөр ОУМСХ-д хэчнээн монголч эрдэмтэн, гишүүн орнууд байна вэ?


-36 улс монгол судлалын холбоонд байдаг. Монгол эрдэмтэдтэй нийлээд 800 орчим гишүүн бий. Үүнээс идэвхтэй нь 200-300 гишүүн байдаг. Тиймээс бид Гадаад Харилцааны Яам болон Монгол Судлалын Үндэсний зөвлөлтэй хамтран энэ оноос олон удаа Монголд ирж, очдог 100-гаад монголч эрдэмтэнд үнэгүй олон улсын виз олгож байгаа. Ингэснээр бид ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, сайжруулж өгч буй хэрэг л дээ.


-Монголч эрдэмтдийн судалгааны гол чиглэлүүд нь юу байна вэ?


-Ерөнхий монгол судлалын чиглэлүүдийг харахад монголын үүх түүх, хэл соёл, олон улсын харилцаа, эдийн засаг, өнөөгийн нийгмийн дүр, уламжлалт мал аж ахуй зэрэг бүхий л чиглэлд судалгааны ажлууд жигд хийгдэж байгаа. Харин монгол судлалыг нуруун дээрээ үүрч яваа голлох чиглэл нь түүх юм. Түүн дотор сурвалж бичиг, археологийн судалгаа багтдаг. Дараа нь хэл шинжлэл, утга зохиолыг нэрлэж болно. Харин гуравт өнөөгийн монгол орны эдийн засаг, аж ахуй, нүүдлийн чиглэлийн судалгааны ажлууд давуу хийгддэг. Мөнхүү улс орон болгон өөрийн судалгааны чиглэл, онцлог давуу талтай байдаг.


-Жишээ нь? 


-Жишээлбэл Японы эрдэмтэд судар бичгийн чиглэлээр түлхүү судалгаа явуулдаг бол Унгарын эрдэмтэд бурхан шашин, бөө мөргөл, Английн эрдэмтэд орчин үеийн Монголын түүх буюу 13 дугаар зууны үед анхаарлаа төвлөрүүлж судалгаа хийдэг. Харин Солонгосын эрдэмтэд Алтай хэл шинжлэл, Хятадын эрдэмтэд сурвалж судлал, “Монголын нууц товчоо”-ны асуудлаар давамгай судлах нь бий. Ингэж улс болгоны өөрсдийн сонирхсон судалгааны чиглэлүүд дээр монгол судлал хөгжиж буй учраас аль нэг давамгай байна гэж хэлэхэд хэцүү.


-Орчин цагийн монгол орныг судалж байна гэсэн. Тэгвэл тухайн монголч эрдэмтэд ямар судалгаа явуулж байна вэ, аль улс манай орныг илүүтэй сонирхон судалж байна вэ?


-Орчин цагийн монгол орны талаар Англи, Европын орнууд ихэвчлэн судалдаг. Тэд эдийн засаг, улс орны баялаг, нөөц бололцоо бүр авлигынталаар хүртэл судалж байна. Англид суудаг Германы нэг эрдэмтэн гэхэд орон нутаг дахьцэцэрлэгүүдийн орчинд гарч буй авлигын хэргийн талаар судалгаа явуулсан байгаа юм. Хүүхдээ хэрхэн яаж цэцэрлэгт оруулдаг, юу хэрэгтэй болдог, хэн хэнтэй уулздаг, хүн хоорондын харилцааны талаар гэх мэт маш нарийвчилсан судалгаа хийсэн байдаг. Гэтэл Японы нэг эрдэмтэн, антропологич уул уурхайтай ойролцоо малчдын амьдрал, малын хоргодлын талаар Өвөрмонголтой харьцуулсан судалгааг явуулсан байх жишээтэй.


-Тэгвэл өнөөдөр монгол судлалд орон зай нь хоосон үлдчихээд буй, эрдэмтэд төдийлөн сонирхохгүй байгаа чиглэлүүд бий юу?


-Байлгүй яахав. Жишээ нь соёлын биет бус өвийн талаарх нарийвчилсан судлагаа манай улсад хэрэгтэй байна. Ихэнх судлаачид эртний түүх, 13 дугаар зууны монголыг судалдаг боловч Манж Чин улсын үеийн түүхийн судалгаа нэн хомс байдаг. Үнэндээ энэ цаг үеийн тухай бичихдээ Тайвань болон Бээжингийн архивын материалыг л ашигладаг. Мөнмонголын эртний хүрэл зэвсгийн үеийн олдворуудыг Евро Азийн үетэй харьцуулсан судалгаа хэрэгтэй байна. Мөн нэн ялангуяа орчин үеийн нэгдэлжих хөдөлгөөн, соёлын хувьсгал, 1960, 1970-аад оны үйлдвэрийн бүтээн байгуулалт зэргийг хөндөж, нарийвчилсан судалгаагаар гаргах ёстой гэх мэт чиглэлүүд олон бий.


-Аливаа ажлыг явуулахад санхүүгийн бэрхшээл нэлээдгүй тулгардаг. Энэ асуудлаа ОУМСХ хэрхэн шийдвэрлэдэг талаараа ярьж болох уу?


-Тусгаар тогтнолтой холбоотой зүйлийг эрх мэдэлтэй хүмүүст зөв ойлгуулж чадвал бидэнд хийх зүйл олон. Гэхдээ бие даасан судалгаануудыг өөрсдөө мөнгөө босгож ажилладаг. Монгол судлалыг хөгжүүлэх нь хүн төрөлхтөнд оруулж буй томоохон хувь нэмэр юм шүү дээ. Ер нь бол бид цаашид өөрсдөө яаж ажиллахаас л шалтгаална. Одоогоор Олон Улсын Монгол Судлалын Холбооны хувьд санхүүгийн хямдрал өртсөн зүйл нэг их ажиглагдахгүй байгаа.


-Өнөөдөр Олон Улсын Монгол Судлалын холбоонд тулгамдаж буй асуудал юу байна вэ?


-Хэрвээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дотор “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” Монголд байх ёстой, эх орны маань түүх соёл нь бидний оршин амьдрахуйн гол мөн чанарыг тээж явдаг гэж заасан бол дэлхийд монголыг төлөөлж яваа энэ байгууллагыг төрийн ивээлд авах учиртай. Нөгөө талаас төрөөс монгол судлалын холбооны байгууллагуудад мөнгө өгөөд орхичих биш тэд өөрсдийн ажил үүргийг ухамсарлаж байна уу, монгол судлал гэсэн нэрийг үнэхээр хадгалж хамгаалж, дэлхийд монголыг таниулж байгаа юу гэдэгт анхаарч, өөрсдийн зүгээс шаардлага тавьж байх ёстой. 


Хоёрдугаарт “Япон сан” эсвэл Хятадын “Күнзийн сан” шиг тодорхой сан үүсгэж томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Одоо бол бие даасан хэсэг хэсэг судлаачдын хэмжээнд монгол судлал явж байгаа бол цаашид энэ судлаачдыг нэгтгэсэн мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Дэлхийд байгаа монгол гар бичмэлүүдийн цогц судалгаа, нөгөөтэйгүүр Монголын археологийн соёлын өвүүд эсвэл монгол судлаачдыг бэлтгэх тусгай хөтөлбөрүүдийг хүртэл зохион байгуулж болно. Жилдээ 10-15 монгол судлаачдыг дэлхийн их дээд сургуулиудад суралцах боломжийг олгодог байж ч болно. Ингэж бид томоор урагш алхах хэрэгтэй байна.


Өнөөдөр монгол судлалаар дамжуулан бид үүх түүх, өөрсдийн ёс заншил, нүүдэлчийн дахин давтагдашгүй ахуйн соёл, оршихуйн мөн чанарыг дэлхийд сурталчлан таниулж байна. Өнөөдөр АНУ-ын К.Атвууд, Английн Урадын Булаг, Японы Ока Хироки, Оросын Б.В.Базаров, Хятадын Боржигдой Оюунбилэг, Унгарын Бирталан Агнеш, Польшийн Агата Варженский, Солонгосын Ким Хо Дун нарын судалгаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна. Тэд бүгд манай Олон Улсын Монгол судлалын Холбооны удирдлага, бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь ч бидний нэр төрийн хэрэг гэдгийг анхаарууштай. Тэд монголын судлалын ноён нурууг өнөөдөр тээж явна гэсэн үг.  Тиймээс төр засаг ивээлдээ авч, цаашид нарийн бодлого, дэмжлэг үзүүлснээр монгол судлалыг улам эрчимжүүлж урагшлуулах ёстой юм.


Ярилцсан | Б.Алтанхуяг
Гэрэл зургийг | Т.Чимэгээ

 

 

 

Холбоотой мэдээ