Нийслэлд тусгай замын автобус нэвтэрснээр түгжрэл буурч, хүлэмжийн хийн ялгарал багасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-05 13:57:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НҮБ-ын бүсийн хөгжлийн төвөөс Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” сэдэвт олон улсын чуулга уулзалтаар тусгай замын автобус Улаанбаатар хотод нэвтэрснээр замын түгжрэл буурч, хүлэмжийн хийн ялгарал багасахыг мэргэжилтнүүд онцлов.

11 дэх удаагийн энэхүү чуулга уулзалтад Азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгч оролцож, хот төлөвлөлт, тээврийн бодлогын хувилбар, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг хэрхэн хөгжүүлэх тухай харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нийслэл хотод нийт хүн амын 70 орчим хувь нь төвлөрөөд байгаа үед машин төвтэй тээврийг халж, хүн төвтэй тээврийн төлөвлөлт хийж, моторжоогүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шаардлагатайг БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд хэллээ. Тэрбээр, “Унадаг дугуй, нарны эрчим хүч ашигласан тээврийн хэрэгслийг ашиглаж, нийтийн тээврийг хөгжүүлэх нь чухал. Монгол Улс 4 улиралтай болохоор унадаг дугуй ашиглаж болохгүй гэдэг. Гэтэл хамгийн их бороо ордог Индонез улс дугуйн замд борооноос хамгаалсан хамгаалалт хийснээр унадаг дугуй ашиглах таатай нөхцөл бүрдсэн. Швед улсад -20 хэм хүртэл хүйтэрдэг ч дугуйн замыг гудамжуулж, хаалт хийн, дулаахан болгосон. Энэ талын туршлагыг судлах шаардлагатай. Мөн хот хоорондын тээврийн хугацааг багасгаснаар хүлэмжийн хийн ялгарал багасна. Улаанбаатар хотод хамгийн сайн хэрэгжих боломжтой нь “Тусгай замын автобус BRT” төсөл юм. Нийтийн тээвэрт тусгай зам гаргаж өгснөөр түгжрэхгүй, хурдан шуурхай иргэдэд үйлчлэх боломжтой болно. Иргэдийн дунд нийтийн тээвэр бохир, зорчиж буй хүмүүс нь ядуус гэсэн ойлголт бий. Өндөр хөгжилтэй орон буюу Шведэд хөрөнгөжсөн иргэд нийтийн тээврээр зорчдог. Хувьдаа машинтай хүн нийтийн тээвэр ашигладаг хүнээс хэд дахин илүү зардалтай байдаг. Тиймээс нийгмийн сэтгэлзүйг засч, зөв ойлголтыг олон нийтэд хүргэх ажлыг хийнэ. Урт хугацаанд ярьсан энэхүү төсөл “Азийн хөгжлийн банк”-ны тусламжаар санхүүжиж  хэрэгжих шатандаа явж байна. Тусгай замын тээвэр нь зөв газар, зөв төлөвлөлттэй хэрэгжиж, иргэд ашиглаж сурснаар үр дүнд хүрнэ” гэлээ.



Төслийн хэрэгжилт, ирээдүйн үр өгөөжийн тухай Дэлхийн банкны тээврийн эдийн засагч Артура Ардила Гомез хэлэхдээ, “Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж, дэмжин ажиллаж байна. Төслийн хүрээнд 2030 оноос өмнө Улаанбаатарт BRТ чиглэлийн 3 шугам ашиглалтад орж, нийтийн тээврийн чиглэлд ахиц гарсан байна гэж төсөөлж байгаа. Улмаар хувийн авто машины хэрэглээ буурч, нийтийн тээвэр үр ашгаа сайн өгнө гэдэгт бусад хотын адилаар найдаж байна. Одоогийн байдлаар нарийвчилсан зураг төсөл хийж удахгүй барьж байгуулах ажлаа эхэлнэ. Цаашид моторжоогүй тээврийн хэрэгсэл нэвтэрч, явган, унадаг дугуйгаар явах боломж илүү сайжирна” гэв.

Тогтвортой тээвэр гэдэг нь хамгийн үр ашигтай тээврийн төрлүүдийг хэлэх бөгөөд унадаг дугуй, нийтийн тээвэр орж байгаа юм. Швед, Герман, Япон зэрэг улс байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн технологийг хамгийн сайн нэвтрүүлсэн гэдгийг хуралд оролцогчид онцолж байв. Токиогийн нийт аяллын 11 хувийг авто машинаар, үлдсэн хувь нь нийтийн тээврээр зорчдог аж.


Б.Янжиндулам


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ