УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоор 11 мянга гаруй хүнд үйлчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-05 14:37:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын уран бүтээлчид “Театрын өдрүүд” аялан тоглолтоо Баянхонгор, Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Монгол Улсын төрөөс соёл урлагийн талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд шинэ, шилдэг уран бүтээлээр хүрч үйлчлэх, орон нутгийн уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус аялан тоглолтыг зохион байгуулжээ.  

Энэ удаагийн аялан тоглолтыг Монгол Улсын Засгийн газрын оролцоотой өндөр хэмжээнд зохион байгуулж Баянхонгор аймгийн аялан тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон албаны бусад хүмүүс хүрэлцэн очиж оролцлоо.




Аялан тоглолтын хөтөлбөрт тус театрын 2018 оны шинэ уран бүтээл болох Э.Оюуны зохиол, Н.Наранбаатарын найруулга “Би эндээс явахгүй” драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг, Рей Куни, Ж.Чэпмен “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжгийг толилуулж 29 удаагийн тоглолтоор Баянхонгор, Арвайхээр хот болон Хархорин, Эрдэнэцогт, Өлзийт сумын нийт 11100 хүнд хүрч үйлчиллээ. Мөн аялан тоглолтын хүрээнд “Зөв амьдрах ухаан” “Бахархан дуурайх хүмүүн” сэдэвт соён гэгээрүүлэх лекцийг 10600 хүнд тавив. Үүний зэрэгцээ орон нутгийн театруудын уран бүтээлчдэд тоглолтын маркетинг болон дүрийн судалгаа хийх арга зүй, найруулагчийн ажлын арга туршлага, уран бүтээлийн үйлдвэрлэл дэх жижиг хэрэглэлийн үүрэг оролцоо зэрэг мэргэжил арга зүйн сургалтыг үнэ төлбөргүй явууллаа хэмээн УДЭТ-ын маркетингийн албанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ