Польшид 100 мянга гаруй жилийн настай эртний хүний яс олдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2018-10-05 15:52:07

ВАРШАВ./РИА Новости/. Польшийн археологичид 100 мянга гаруй жилийн настай эртний хүний яс олж илрүүлсэн тухай “РАР” агентлаг мэдээлжээ. 

Уг ясыг Малопольска мужийн нутагт байдаг Хар агуйгаас хэдэн жилийн өмнө олж илрүүлсэн боловч одоо л үнэн зөв тодорхойлж чадсан аж.
Энэ олдвор нь Польшийн нутаг дэвсгэрт урьд өмнө олдож байсан хүний яснуудаас хамгийн эртнийх нь юм гэж Краковын Ягелонскийн их сургуулийн профессор Павел Вальде-Новак ярьжээ.  

Археологичдын олж илрүүлсэн энэ яс нь неандерталь хүүхдийн алганы яс бөгөөд аварга том шувууны хоол болсон аж. 

Неандерталь хүүхдийн яс гэдгийг Краков болон Сент-Луисын их сургуулийн хүн судлаачид болох хоёр эрдэмтэн мөн нотолжээ.

Аварга том шувуу 5-7 орчим настай байсан байж магадгүй неандерталь хүүхэд рүү дайрсан эсвэл үхсэн байхад нь идсэн болов уу гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Эрдэмтдийн хэлснээр, эдгээр хувилбарын аль алиныг нь үгүйсгэх аргагүй.

Өнөөг хүртэл 42-52 мянган жилийн настай гурван шүд Польшийн нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний хүний ясад тооцогдож байжээ. 

Холбоотой мэдээ