У.Хүрэлсүх:Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хот суурингуудын зохион байгуулалттай уялдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-05 16:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийв.

Монгол Улсын нийт хүн ам 3.2 саяд хүрсэн бөгөөд үүний 66 хувь нь нийслэл болон 21 аймгийн төвд амьдарч байна. Тодруулбал, 2017 оны байдлаар Улаанбаатар хотод хүн амын 46 хувь буюу амьдардаг. Хүн амын хэт төвлөрлийн гол шалтгаан нь Монгол улсын нийт ААН, байгууллагын 70 хувь нийслэлд байрлаж, ДНБ-ний 65 хувийг үйлдвэрлэж байгаатай холбоотой гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Монгол Улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг боловч хүн амын тал шахам хувь нь агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй хотод амьдарч байгаа нь нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсаны тодорхой илэрхийлэл юм. Олон улсын жишгээс авч үзвэл хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчныг өөрийн орны онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан тодорхойлдог. Тиймээс аймгийн төв, хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих арга хэмжээг авах шаардлага тулгарч байгааг Ерөнхий сайд онцлоод, “Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд уур амьсгал 2-оос дээш хэмээр дулаарсан. Эрчимтэй хотжилт нь зүй бус газар ашиглалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг нь хотуудын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна.  Тиймээс бүс нутгийн хөгжлийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, томоохон бүсийн тулгуур төвүүдийг бий болгох бодит хэрэгцээ үүссэн. Тиймээс “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг зөв төлөвлөн хэрэгжүүлнэ. Тухайлбал, хүн амын нутагшилт, суурьшлын одоогийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлно. Монгол орны хөгжлийг тэтгэх зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийг хот суурингийн зохион байгуулалтын бодлоготой уялдуулах, нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас  “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах чиглэлээр БХБЯ, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж байна” гэлээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт гаргаснаа танилцууллаа. Уг дүгнэлтэд “Монгол улсын онцлогийг харгалзан орон нутагт хөрөнгө оруулалтын зохистой бодлого авч хэрэгжүүлэхгүй байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хөгжих нөхцөл бүрдэхгүй байгаа хүн амын шилжилт хөдөлгөөн үргэлжлэхэд хүргэж байна. Иймд эхний ээлжинд 3-4 томоохон хотыг сонгож, түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ тухайн хотуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг Хүн амын нутагшилт, суурьшлын бодлоготой уялдуулах шаардлагатай байна” гэжээ.

Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ