Монгол Улс дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэх вий

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2018-10-05 17:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат манай улсын хувьд бодит байдлаа өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадны үйлдвэрлэлийн технологийг  нэвтрүүлэх  цаг  аль хэдийн болсон.


Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгддэг ч энэ нь хэтийн  амжилт биш түр зуурын үзэгдэл гэдгийг ярьсаар бид даруй 10 гаруй жилийг үджээ. Байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт тооцогдох Монгол Улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох бус нэмүү өртөг шингээхийн тулд шинийг сэдэж  инновацид суралцахгүй бол дэлхийгээс хоцорч мөрөөдөлтэйгээ үлдэхэд ойрхон байна.


20-иод жилийн өмнө бид уул уурхайгаа ингэж хөгжүүлж, эдийн засагтаа ийм том тэсрэлт хийнэ гэсэн “бахархал”-ыг бий болгосон ч  яг байрандаа эргэлдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.  Ийнхүү биднийг нэг тойрогтоо  эргэцэх зуур эх дэлхий орвонгоороо өөрчлөгдөж байна.


“Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюутолгой” компани  хамтран уул уурхайн инновацийн хөгжил, туршлагаас суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлж  Монголын 15 сэтгүүлч Австрали улсыг зорьсон юм. Хөтөлбөрт “Рио тинто” группын Брисбэн дэх төв оффис, Бандуурагийн судалгааны төвтэй танилцах, Квийнсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтээр зочлох гээд сонирхолтой аяллаар өрнөв.

 

“АВТОМАТЖУУЛАЛТ” ОЛОН МЯНГАН ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ТАВАН УУРХАЙЧНЫ МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖЭЭ

 

    Дэлхий нийт бүрэн автоматжуулах  систем рүү явж байхад Монгол Улс дангаараа уламжлалт арга барилаар явж боломгүй үетэй бид нүүр тулж байна. Товчлуур дараад бүх зүйлийг бэлэн болгох дэлхийг хөдөлгөөнд оруулсан "хиймэл оюун ухаан" технологийн  шийдэл нь олон мянган хүний хөдөлмөрөөр бүтэх 10 сая тонн нүүрс олборлолтыг ердөө таван уурхайчны мэдэлд шилжүүлж богино хугацаанд их зүйл бүтээж буйтай Квийнсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн институтийн Виртуал риализэйшн лабораторийн профессор Мехмет Кизил танилцуулав.




Түүний танилцуулгаас үзэхэд, богино хугацаанд дэлхий нийт юу бүтээснийг, бид хэрхэн хоцорч буйг сануулна.  Өөрөөр хэлбэл хөгжлийн шийдлээ аль хэдийн олсон улс орнуудыг хошууруулж чадсан “хиймэл оюун ухаан”  нүд ирмэхийн зуур хүчээ авч, дэлхийн “бизнес”-ийн амжилтыг эвдэж байна. Тухайлбал хамгийн их өсөлт дагуулдаг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг үлэмж өсгөж экспортыг тэлэн ажлын бүтээмжийг  10 дахин нэмэгдүүлж чадсан нь гайхамшиг. Австралийн уул  уурхайд бүрэн автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах шинэ жишиг бий болсон. Цаашлаад гүний уурхайн бүх үйл ажиллагаагааг автоматжуулах системд шилжүүлэхээр тэд бэлтгэлээ базааж эхэлжээ. Хэдийгээр автоматжуулалт нь хүний хөдөлмөрийг багасгаж буй ч шинэ ажлын байр бий болгож буйг “Рио Тинто”-ийн Өсөлт, инновацийн группийн Харилцаа холбоо хариуцсан менежер Моник Бенстед онцолсон юм. Тодруулбал уурхайд хүнд даацын автомашиныг жолоодож байсан 90 хүний ажлын байр байхгүй болсон ч Техник удирдлагын төвийн шинэ бүтцэд 600 хүн ажиллах нөхцөл бүрджээ. Энэ бол автоматжуулалтын нөлөөгөөр үүссэн цоо шинэ ажлын байр гэдгийг тэрээр тодотгосон юм. Үнэндээ цахимжиж буй энэ ертөнцийг бид зогсоож чадахгүй. Генетикийн түвшинд оюун ухаан бүтээхээс эхлээд гайхамшгууд бий болж байгаа бөгөөд 30 жилийн дараа хэрхэх нь мэдэгдэхгүй ирээдүй биднийг хүлээж байна. Тэгэхээр өнгөрсөн 40 жил хийсэн  зүйлээ үргэлжлүүлэх бус, шинэ эринтэй хөл нийлүүлэхийг  цаг үе биднээс шаардах нь ээ.


КВИЙНСЛАНД МУЖ БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨ БОДИТООР ХҮРТЭЖ БАЙНА


Дэлхий дээр уул уурхай давамгайлсан эдийн засагтай 50 гаруй улс бий. Үүний нэг нь Австрали. Уул уурхайд түшиглэж хөгжсөнийг тус улсын түүх нь төвөггүйхэн илтгэдэг.


Тэд олон нугачааг давж, оновчтой бодлогоор хангахыг хичээж ирсний үр дүнд уул уурхайгаас олох орлого нь өсч, энэ хэрээрээ ард түмнийх нь амьдрал эрс дээшилжээ. Тус улсын уул уурхайн томоохон бүс  нутаг нь  Квийнсланд муж юм. Эл мужийн хүн ам нь эдүгээ дөрвөн саяд хүрээд  буй аж. Хүн амын 60 орчим мянга нь уул уурхайн салбарт ажиллаж буй  бөгөөд  үүний цаана олон мянган хүн  үр шимийг нь хүртэж байгааг тоон үзүүлэлтүүдээс харж болохоор байна.


Тухайлбал Квийнсланд муж нийт газар нутгийнхаа 0,1 хувийг ашиглаж буй ч Монгол Улсаас даруй 10 дахин их орлого олж байна.



 Нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь Квийнсланд мужийн баруун хойд хэсэгт төвлөрдөг бөгөөд 32 нэр төрлийн ашигт малтмал олборлож буйгаас тус мужийнхныг  гол тэтгэгч  нь нүүрс юм.  Квийнсландаас экспортлох нүүрсний хэмжээ Австралийн нийт нүүрсний экспортын 57 хувийг эзэлдэг  байна. Дэлхийн зах зээлд нүүрсний экспортоороо  ийнхүү том байр суурь эзэлж буй Австрали улсын уул уурхайн хөгжлийн гол нууц нь зөв бодлого төдийгүй улс төржилтөөс хол байсантай холбоотой гэдгийг эх сурвалжууд өгүүлж байсан. Тус  муж 2016 онд  нүүрсний экспортоос 21.5 тэрбум долларын орлого олсноос 1.6 тэрбум долларын роялтыг төвлөрүүлсэн төдийгүй шинэ хөрөнгө оруулалт тутмын  40 хувь нь уул уурхайн салбарт төвлөрчээ. Харин 2017 оны хувьд эрдэс баялгийн бүтээгдэхүүн тэр дундаа хар алтны үнийн өсөлт  үйлдвэрлэлийг тэлж, эдийн засагт жин дарж нэг тэрбум долларын ашгийг нэмэгдүүлжээ. Квийнсланд мужийн хувьд жилд дунджаар 242 сая тонн нүүрс олборлож байгаагаас 220 орчим сая тонныг гол импортлогч орнууд болох Хятад, Энэтхэг, Солонгос, Япон, Вьетнам, Индонези руу түгээдэг байна.




КВИЙНСЛАНД МУЖИЙН УУЛ УУРХАЙГААС ОЛЖ БУЙ АШИГ тоон үзүүлэлтээр:  16400 бизнес уул уурхайгаас тэжээгдэж, улмаар орон нутгийн  910 байгууллага үр шимийг нь хүртжээ.

Эдийн засагт уул уурхай нь хэрхэн нөлөөлж өгөөж өгснийг задалбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт  3.8 тэрбум доллар, цалин хөлсөд 5.1 тэрбум доллар,  16.4 тэрбум долларыг уул уурхайн салбарын худалдан авалт, бараа бүтээгдэхүүний зардалд, мужийн хөгжилд 55.1 тэрбум долларыг тус тус зарцуулсан байна. Шууд бус нөлөөллийн хувьд 2016-2017 онд  244 мянган ажлын байр шинээр бий болжээ. Эдүгээ Квийнсланд мужид  6 доллар тутмын нэг нь эдийн засагт шууд орж буй бол   8 хүн тутмын нэг нь уул уурхайн салбарт ажиллаж буй аж.  

 

2050 ОН ГЭХЭД  КВИЙНСЛАНД МУЖ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ ТЭГЛЭНЭ


Дэлхий нийтээр ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжиж буй энэ үед Австрали улс хойш суусангүй. Тэд сэргээгдэх эрчим хүчний салбарт цойлох бэлтгэлээ базааж эхэлжээ. 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ хэрэглээний 50 хувийг нар, салхи, уснаас гаргах төдийгүй  экспортоо тэлэхээр төлөвлөж буйгаа дуулгалаа.




Квийнсланд мужийн хувьд эрчим хүчний үйлдвэрлэлийн 79.4 хувийг нүүрс бүрдүүлж байна.Тиймээс нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар болжээ. Тус муж 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралаа 100 хувь бууруулж тэглэх юм байна. Улмаар тэдэнд  метан хийн үйлдвэрлэл цоо шинэ сорилт хэдий ч метаны  олборлолт нь 2011-2016 онуудад 3-4 дахин нэмэгджээ. Дөрвөн жилийн хугацаанд метан хийн 1000 цооног гаргасан нь  энэ үйлдвэрлэл маш хурдацтай хөгжиж буйг илтгэнэ. Нүүрсний нөөц баялаг ихтэй орны хувьд метан хийн үйлдвэрлэл хамгийн том боломж гэдэг. Австрали, Монгол Улсын хувьд нүүрсний нөөц ихтэй орнуудын тоонд ордог  ч тэд биднээс хэдэн алхам урд гишгэжээ. Байгаль орчин, агаар мандалд сөрөг нөлөө багатай уламжлалт бус нөөц метан хийн хэрэглээ өсч байгаатай Австраличууд ийнхүү  хөл нийлүүлж байна.


Үргэлжлэл бий.

Холбоотой мэдээ