С-300 пуужингууд Сири дэх нөхцөл байдлыг өөрчилнө

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-10-05 17:00:00

Орос улс Сирид С-300 пуужингуудаа нийлүүлж байгаа нь Израильд ихээхэн аюул занал учруулж байна гэж Германы «Франкфуртер альгемайне цайтунг» сонинд нийтлэгдсэн өгүүллийг зохиогчид үзэж байна. Үүний сацуу уг аюулыг төдийлөн их биш гэж дүгнэж буй Израилийн нэртэй улстөрчдийн санал бодлыг тус сонины нийтлэлд тусгажээ. Израильчуудын баталж байгаагаар бол, шаардлагатай үед шинэ үеийн Ф-35 сөнөөгч онгоцыг ашиглан Сири рүү хийж буй дайралтыг үргэлжлүүлэх аж.  


Сирийн Хмейми дахь Оросын цэргийн баазад агаарын довтолгооноос хамгаалах С-300 пуужингийн цогцолборыг нисэх онгоцоор хүргэн ирж байгааг лхагва гарагт телевизээр харууллаа. Гэхдээ энэ нь хэн нэгнийг төдийлөн гайхшруулаагүй болов уу. Хэрвээ анхаарал татахаар зүйл байсан бол энэ нь дөрвөн ширхэг С-300 цогцолборыг нийлүүлэх үйл явц дууссан тухай мэдээлэл юм. Цэрэг зэвсгийн талаарх иймэрхүү мэдээлэл нь хэт сэтгэлийн хөөрөлтэй байж болохгүй нь ойлгомжтой.


Үүний сацуу Сирийн нутаг дэвсгэрт С-300 пуужингууд байгаа гэсэн баримт нь Сирийн дайны явцад мэдэгдэхүйц нөлөөлнө. Тус улсын арми өөрийн агаарын орон зайгаа өмнөхөөс илүү найдвартай хамгаалах боломжтой болж байгаа юм. Шинэ пуужингууд нь 250 км-ийн тусгалтай бөгөөд хэд хэдэн бай руу зэрэг онилдог. Ингэснээр Израилийн хувьд “Хэзболлах” бүлэглэлийн байнуудад өгч буй цохилт нь илүү их эрсдэлтэй болно гэсэн үг юм. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр хэлэхдээ “агаарын довтолгооноос хамгаалах радиоэлектроникийн хэрэгслүүдийг Сирийн армид шилжүүлэн өгсөн” гэдгийг дурдлаа.


Энэ бүх арга хэмжээ нь 9 дүгээр сарын 17-нд гарсан будилаант хэрэг явдлыг дахин гаргуулахгүй байлгах зорилготой юм. Тухайн үед 15 цэргийн албан хаагчийг суулгасан Оросын нисэх онгоц Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний галд өртөн сүйрсэн билээ. Оросын цэргийнхэн үүнд Израилийг буруутгаж байна. Израилийн дөрвөн Ф-16 сөнөөгч онгоцууд Сири рүү дайралт хийсний дараа нэг онгоц нь Оросын тагнуулын нисэх онгоцны ард нуугдсанаар Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчний цохилтод Оросын "Ил-20" нисэх онгоц өртөн унажээ.


Харин израильчууд хэрэг явдал хэрхэн өрнөсөн талаарх өөрсдийн хувилбарыг дэвшүүлж байна. Төлөвлөж байсан агаарын цохилтын талаар Оросын талд цаг тухайд нь мэдэгдсэнээс гадна цохилт өгсний дараа нисэх онгоцууд бааз руугаа буцаж ниссэн бөгөөд Сирийн тал замбараагүй гал нээх үед Израилийн онгоцууд аль хэдийнэ Сирийн агаарын орон зайгаас гараад явчихсан байжээ. Оросын хараат бус ажиглагчдын үзэж байгаагаар, Израилийг дээрх явдалд буруутгаж байгаа нь өөрийн цэргийн удирдлагын гаргасан алдаанаас олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн Москвагийн оролдлого аж. Асадын армийн агаарын довтолгооноос хамгаалах хүчтэй хэрхэн хамтран ажиллаж байгаагаа Оросын тал дөвийлгөн ярьж байгаа боловч тийм ч амжилттай биш байгаа бололтой.


Онгоц сүйрснээс долоо хоногийн дараа Шойгу мэдэгдэхдээ, Орос улс Сирид С-300 цогцолборыг нийлүүлнэ гэсэн юм. Энэ талаар өмнө нь Москва нэг бус удаа мэдэгдэж байв. 2013 онд Дамасктай энэ талаар гэрээг байгуулчихсан байх үед Израилийн тал гэрээнээсээ татгалзахыг оросуудад ятгаж чадсан байна. Асадын армийг С-300 пуужингуудаар хангана гэж энэ оны 4 дүгээр сард Москва сүрдүүлсний учир нь, Оросын цэргийн зөвлөхүүд ажилладаг нисэх хүчний баазыг израильчууд довтолж байсантай холбоотой. Харин 5 дугаар сарын 9-нд Ерөнхий сайд Б.Нетаньяху Аугаа их Эх орны дайнд ЗХУ ялсны ойд зориулсан цэргийн парадыг үзэж, Гитлерийг ялсны бэлгэ тэмдэг болох хар-улбар шар өнгийн “георгийн тууз”-ыг зүүсэн байв. Гэхдээ энэ тууз нь 2014 оноос хойш Украины зүүн нутаг дахь Оросын түрэмгийллийн бэлгэ тэмдэг болсон. Нетаньяху парад үзсэний дараа С-300 цогцолборыг Дамаскт нийлүүлэх тухай яриа тэгсхийгээд намжсан билээ. 


Харин Тель-Авив AWACS хамгийн орчин үеийн Ф-35 сөнөөгч онгоцуудыг илүү идэвхтэй ашигласнаар Оросоос шинэ пуужингууд авсан Асадад хариу барих болно гэж Израилийн цэргийн радио лхагва гарагт мэдээлсэн юм. Түүнээс гадна, С-300-г хэрэглэх үед илүү эмзэг өртөмтгий онгоц болох Ф-16-г цаашдаа цөөн удаа ашиглах аж. Хэдийгээр Израиль улс бүтэн жилийн турш Ф-35-ыг ашиглаж байгаа боловч түүний тоо нь Ф-16-гаас цөөн хэвээр байгаа юм. Израильчууд С-300 цогцолбор руу дайрах боломжтой боллоо ч гэсэн Сирийн баазуудад Оросын офицерууд байгаа нь тодорхой хязгаарлалтыг бий болгож байгаа юм.


Нетаньяху Оросын нисэх онгоц унасан явдалд нэг бус удаа харамсал илэрхийлсний сацуу Израиль улс Сири дэх Ираны объектууд руу цаашид довтолно гэдгийг хэлж байсан. Тэрбээр CNN сувагт ярилцлага өгөх үеэрээ “Хмеймим бааз болон Тель-Авивын хооронд холбоо тогтоох боломжуудыг Путинтэй хамт хэлэлцсэн, гэхдээ Израиль улс өөрийгөө хамгаалахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэдгийг Путинд маш тодорхой хэлсэн” гэсэн юм. Сүүлийн жил хагасын дотор израильчууд Сирийн нутаг дэвсгэр дэх 200 гаруй байнуудад цохилт өгчээ. Үүний сацуу, Оросын электрон тагнуулын үйл ажиллагаа нь Израилийн үйл хөдөлгөөнийг хязгаарлана хэмээн Тель-Авив санаа зовниж байна.


Оросын шинэ пуужингуудыг Сирид нийлүүлэх нь Сирийн армийг төдийгүй Ираны цэргийн анги нэгтгэлүүд ба иранчуудын нөлөөнд байдаг шиитүүдийн хагас цэрэгжүүлсэн бүлэглэлүүдийг бэхжүүлэх болно. Ялангуяа израильчуудын хувьд хамгийн том аюул болж буй “Хэзболлах” бүлэглэл улам хүчирхэгжих юм. Бейрутаас өмнө зүгт байрлах “Хэзболлах”-ын штабынхны хувьд, хүчний тэнцвэр Израилийн эсрэг талынханд ашигтайгаар эргэж буйд сэтгэл хангалуун байна.


Шинээр бий болсон хязгаарлагдмал нөхцөл байдалд Израиль улс тэсэн байж чадах уу, Сирид өгөх цохилтууд нь цөөрөх үү гэдэг асуултууд урган гарч байна. Тэр тусмаа шиитүүдийн бүлэглэлүүд Ливан болон Иракт төвлөрөөд байгаа энэ үед шүү дээ. Израилийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман хэлэхдээ “Ирак дахь Ираны байрлалуудад цохилт өгөх болно” гэж 9 дүгээр сард сүрдүүлж байсан юм. Харин Ливан дахь байнуудад цохилт өгөх үү гэсэн асуултанд Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч хариу өгсөнгүй.


Орчуулсан Б.Адъяахүү 

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20181004/243384904.html

http://www.faz.net/aktuell/politik/ausland/russland-beeinflusst-krieg-in-syrien-durch-lieferung-von-luftabwehr-15819546.html

 

Холбоотой мэдээ