Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар ажлаа хүлээж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-05 17:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээвэр хөгжлийн сайдаар томилогдсон Я.Содбаатар үүрэгт ажлаа өнөөдөр хүлээж авлаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түүнийг Зам тээвэр хөгжлийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, 90.8 хувийн саналаар дэмжигдсэн юм. ЗТХ-ийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, ЗТХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн байв.  

 ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "ЗТХЯ-ны хувьд салбарын хүрээнд шийдлээ хүлээсэн ойрын болон хэтийн зорилт бүхий олон ажлууд бий. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа энэ Засгийн газар, МАН хийж хэрэгжүүлсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж амжаагүй ажлуудаа амжуулах, тавьсан зорилт амлалтаа биелүүлэх, мөн салбарын бодлогын асуудлуудыг залгамж халаатай үргэлжлүүлэхэд гол бодлогоо болгож ажиллана. Та бүхнийг салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууддаа эзэн нь болж хамтарч ажиллахыг хүсье”  хэмээв.


Өчигдөр МАН-ын удирдах зөвлөлөөс гурван хүний нэрийг дэвшүүлснээс Я.Содбаатарыг 100 хувийн саналтайгаар дэмжсэн бол ийнхүү өнөөдөр ЗТХ-ийн сайдаар томилж байна.  УИХ-ын гишүүд түүнд амжилт хүсэхийн зэрэгцээ салбарт нь тулгамдаж буй асуудлаар санал, бодлоо илэрхийлэв.


УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Янгугийн Содбаатарын товч намтар:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр

2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

Холбоотой мэдээ