Намрын чуулгантай золгосон зуны улс төр

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2018-10-05 18:18:35

  Хоёр чуулганы хооронд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай асуудлыг тойруулан гол төлөв улс төр хийдэг. Энэ жилийн хувьд тэр байдал давтагдлаа. Гэхдээ ээлжит бус чуулган хуралдсангүй. Хаврын чуулган завсарласан 7 дугаар сарын 10-аас эхлэн УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ  зуны улс төрийг  эхлүүлсэн гэж хэлж болно. Гишүүний эхлүүлсэн улс төр ангийнхнаасаа болон Ерөнхийлөгчөөс дэмжлэг авсан ч амжилт олсонгүй. Тухайн үед энэ талаар улс төрчид янз бүрийн байр суурьтай байсан юм. Тэдгээр байр сууриуд намрын чуулганыг нээлт дээр дээд оргилдоо хүрлээ.

 

Тухайлбал Ерөнхийлөгч Х. Баттулга“ Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ. Үүнийг нотлох   олон тоо, баримт дурдаж болох ч илүүц гэж үзлээ. Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй” гэж байр сууриа илэрхийллээ. Түүний хувьд ээлжит бус чуулган зарлагдаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэнэ.

 

Энэ өнцгөөс харвал хууль зөрчсөн   байж болох УИХ-ын дарга М. Энхболд чуулган нээж хэлсэн үгэндээ  “Нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.  Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” гэж хуулийн хүрээнд ажилласан хэмээн цохон тэмдэглэж байх жишээтэй. Одоо УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн тул ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тов тойрсон зуны улс төрд цэг тавьсан гэж хэлж болох болов уу.

 

Мөн үүнээс гадна өнгөрсөн зун олон таагүй үйл явдал болж өнгөрлөө. Тэр бүхнийг энд дурьдах нь зохимжгүй . Харин тэдгээрээс ЗТХ-ын сайд ёс суртахууны хариуцлага хүлээн   ажлаасаа чөлөөлөгдөх болсоныг авч үзэх ёстой. Сайд огцрох нь байдаг л зүйл.  Гэхдээ ЗТХ-ийн сайд  ёс зүйн хариуцлага хүлээн огцорч байгаа нь түүнийг бусдаас ялгаж өгөв бололтой. Сайд яагаад ёс зүйн хариуцлага хүлээх болов гэдгийг онцлохын тулд үйл явдалыг нэхэн санах хэрэгтэй болж байгаа юм.

 

ЗТХ-ийн сайд Ж. Бат-Эрдэнэ  тус яамны газар хэлтсийн дарга нар нэгийгээ ажлын байран дээрээ егүүтэгсэн  үйл явдалд ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тухайн үед нь гаргасан аж.  Ерөнхий сайд У. Хүрэлсүх сайдын хүсэлтийг хүлээн авсан байдаг. Гэвч сайдыг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөггүй. Харин тухайн үед чуулган завсарласан байсан тул түүнийг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-ын даргад энэ сарын 1-нд  өргөн барьж намрын чуулганы эхний өдрүүдэд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь энэ.

УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх явцад гишүүдийн үг хэлж байгаа байдлаас харахад, төрийн албаны дунд шатанд алдаа завхрал гарч, ёс суртахууны доройтолд орчихсон гэдэг санааг олон гишүүн хөндөж байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж хэлдэг. Түүнтэй нэгэн адил ЗТХ-ийн яаманд гарсан алдаа бусдыгаа хөлдөө чирлээ. Унасан төрийн албаны нэр хүндийг босгож ирэх нь хугацаа шаардсан нүсэр ажил болох бололтой.

 

Ерөнхий сайд У. Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад хуулийн дагуу УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэрийг дэвшүүлж  парламент хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинэ сайдад хуучин тогтсон зуршлын дагуу МАН доторхи 33,32-ын бүлгийн аль нэгнийх нь  төлөөллийн хүн гэсэн нэр  хаяг зүүхийг яарах хэрэггүй биз ээ.  Түүнд  иргэдийн дунд сайн нэр төртэй сайд болон үлдэх боломжийг УИХ-ын гишүүд  энэ удаа олголоо. Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ