Орос хэлний олимпиадад түрүүлсэн хүүхдийг ОХУ-ын их сургуульд үнэгүй сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-06 09:27:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2018”-ийн нээлтийн ёслол  Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д болов.

58 дахь удаагаа болж буй энэхүү арга хэмжээ энэ сарын 5-аас 11 дүгээр сарын 23 хүртэл үргэлжлэх юм. Арга хэмжээг нээж ОХУ-аас онгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын  үг хэлсэн бөгөөд  хоёр улсын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэн худалдаа, “Кросс” соёлын хамтын ажиллагааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Монгол, Оросын кино наадам болно. Мөн ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, багш нарын дунд шүлэг, дууны тэмцээн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Энэ үеэр РЦНК-ийн ахлах референт, орчуулагч Валидмир Сергеевич, “Манай хоёр орон жилийн нөхөрсөг, найрамдалт харилцааны түүхтэй. Найрамдлын өдрүүдийн хүрээнд Монголын 21 аймгийг хамарсан “Орос хэлний баяр” хийнэ. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад явуулж, шилдгээр шалгарсан хүүхдүүдийг ОХУ-ын их сургуульд үнэ төлбөргүй сурах эрхээр шагнана. Одоогийн байдлаар Монгол РЦНК-ийн 17 орос хэлний салбар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 7 нь нийслэлд, 10 нь орон нутагт бий. Эдгээр салбарууд иргэдийн орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж ажилладаг” гэв.




УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хоёр улс харилцаагаа өргөжүүлснээр эдийн засгийн асар их боломж буйг онцоллоо. Тэрбээр “Монгол, Орос бол мөнхийн хөрш орнууд. Дайны хүнд хэцүү үе, бүтээн байгуулалтын эрэн үед ч бие биедээ тусалж ирсэн. Тиймээс  энэ сайхан найрамдалт харилцааг хойч үед уламжлуулан үлдээх ёстой. Монгол, Оросын харилцаа бүс нутгийн хэмжээнд өргөжиж байна. Новосибирск, Красноярск, Улан-Үдэ, Иркутск, алс дорнодын чиглэлд Монголын бараа бүтээгдэхүүний зах зээл өргөжин хөгжиж байна. Тиймээс Оросын зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд татвар болон бусад хөнгөлөлт олгох асуудлыг хэлэлцэж байна. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их боломж бий” гэлээ.

ОХУ-д сурч буй Монгол залуусын тоо нэмэгдэж буй бөгөөд  Новосибирскт 70, Карасноярскд 60, Алс дорнодод 10, Эрхүүд мянга орчим оюутан суралцаж байна. Түүнчлэн Ленинград, Москва зэрэг хотод батлан хамгаалах чиглэлийн цэргийн сургуульд 600 гаруй сонсогч суралцаж байгаа аж.

Б.Янжиндулам

Холбоотой мэдээ