Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-06 12:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсынхаа нэрийг олимпийн тэнгэрт анх удаа мандуулсан “Мехико-1968” олимпийн наадмаас эхлэн түүчээлсэн олимпийн медальт алдартнуудтай энэхүү түүхт 50 жилийн ойн өмнө хийсэн ярилцлага, нийтлэлийг он дарааллаар нь цувралаар хүргэж байна.

                       

8.   1980  Москва Жамцын Даваажав


"Гавьяат тамирчин" цолоо 10 жил хүлээсэн олимпийн мөнгөн медальтан


“Москва-1980” зуны  22 дугаар олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин  Жамцын Даваажав агсан 1952 оны зургадугаар сарын 20-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Тэрбээр 1969 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг төгсөж, улмаар 1972 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг дүүргэжээ.


Ж.Даваажав чөлөөт бөхийн спортоор 1968 оноос хичээллэж эхэлсэн юм. Тэрбээр удалгүй чөлөөт бөхийн спортоор Монгол Улсын залуучуудын хоёр удаагийн аварга болж амжилтын гараагаа эхлүүлжээ. Улаанбаатарт УБДС-ийн оюутан болоод байсан Ж.Даваажав 1973 онд Монголд зохион байгуулсан залуучуудын “Нөхөрлөл” олон улсын тэмцээний хүрэл медаль хүртэж, улсын шигшээ багийн тамирчин болсон байна. Тэр Монгол Улсын зургаан удаагийн аварга бөгөөд 1975 онд дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж ирээдүйтэй бөх гэдгээ харуулсан юм.


Түүний амжилт жил ирэх тусам ахисаар байсан бөгөөд 24 насандаа “Монреал-1976” олимпийн наадамд сонгомол бөхийн төрлөөр оролцсон боловч бэртлийн улмаас барилдаж чадаагүй. Тэр чөлөөт бөхийн төрөлд илүү өндөр амжилт гаргана гэдгээ баталж 1977 оны Унивесиад наадмаас хүрэл медаль хүртэж, тэр жилээ Швейцарт болсон ДАШТ-д хүч үзэж шагналт тавдугаар байрт шалгарсан юм. Улмаар 1978 оны Мексик болон 1979 оны АНУ-д болсон ДАШТ-үүдэд хүчээ сорьж хоёуланд нь шагналт дөрөвдүгээр байрт шалгарч дэлхийд данстай, шилдэг бөхийн тоонд багтаж чадсан юм.


Мөн 1978 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн YIII наадмын чөлөөт бөхийн 74 кг-д барилдаж хүрэл медалийн эзэн болсон бөгөөд тэр жилийн найрамдалт армиудын /СКДА/ тэмцээний аваргын алтан медаль ч хүртсэн байна. Тэрбээр 1980 онд 28 насандаа Москвагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 74 кг-д хүчээ сорин барилдаж олимпийн мөнгөн медаль хүртсэн юм.



Москвагийн олимпийн дэвжээнд Ж.Даваажав нэгдүгээр тойрогтоо Камеруны бөх Тонье-тэй барилдаж цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Пакистаны бөх Ц.Жума-г цэвэр, гуравдугаар тойрогт Европын аварга Румын улсын бөх Ж.Пырколэбу-г хагас цэвэр, дөрөвдүгээр тойрогтоо Италийн бөх Р.Николиныг мөн цэвэр ялсан юм. Тэр хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн аварга Павел Пинигинтэй таарч 2:2 оноотой цаг дуусахаас 20 секундын өмнө идэвхгүй барилдсан хэмээгдэж хоёулаа гурван торгуультай дэвжээнээс хөөгдсөн юм. Ингээд зургаагийн даваанд хуучин Чехсловак улсын бөх ДАШТ-ий мөнгөн медальт Дан Карабинтай барилдсан бөгөөд энэ барилдаанд ялагдвал медальгүй хоцрох байв. Харин ялсан тохиолдолд олимпийн аваргын төлөө хүч, ур чадвараа сорих тун хариуцлагатай барилдаан байлаа. Энэ хоёр бөх өмнө нь Тбилист болсон олон улсын тэмцээнд учраа таарч Ж.Даваажав ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарсан байдаг. Харин олимпийн дэвжээн дээрх энэ барилдаанд манай бөх Д.Карабиныг 7:5-аар ялж чадсан. Яг энэ мөчид нөгөө дэвжээн дээр алдарт бөх П.Пинигин Болгарын залуу бөх Валентин Райчевт цэвэр ялагдсан юм. Ийнхүү чөлөөт бөхийн 74 кг-д олимпийн аваргын төлөө барилдах Монгол, Болгарын бөхчүүд нэг цаг мөчид тодорсон билээ. Ж.Даваажав агсаны аваргын төлөөх барилдааны төгсгөлд оноо 5:5 болж тэнцээд байх үед В.Райчев олимпийн аварга болох хожлын оноог авч, манай бөх олимпийн мөнгөн медальтан болсон түүхтэй.



Энэ барилдааны тухай хожим нь 1992 онд “Таван цагираг” сонинд “Би зургаа алхаад л Райчев арагшаа ухраад л цаг дууссан... Би их гоомой мэх хийгээгүй бол тэнцүү оноотойгоо дуусахад л ялалт минийх байлаа” хэмээн дурсан ярьж байсан юм.


Тухайн үед түүнийг хэдхэн секундын дотор олимпийн алтан медалийг алдлаа гэсэн зэм хүртээж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Тэрбээр, олимпийн дараа 1981 онд АНУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэр жилээ ДАШТ-д хүч үзэж тавдугаар байр эзэлсэн юм. Ж.Даваажав агсан чөлөөт бөхийн дэвжээнд ид гялалзаж явсан 1977-1981 онуудад өөрийн жингийн дэлхийн шилдэг бөхчүүдээс бараг бүгдийг нь ялсан шилдгийн шилдэг бөх байсныг нөхөд нь дурсдаг.


Мехикогийн олимпийн хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав: Даваажав бид хоёр олон жил хамт ажилласан багш шавийн барилдлагатай хүмүүс. Тухайн үед олимпийн мөнгөн медальтай эх орондоо ирэхэд, түүнийг олимпийн аваргын алтан медалийг 13 секундэд алдсан, муу амжилт үзүүлсэн гээд гавьяат цолыг нь өгөлгүй, гавьяа зүтгэлийг нь үнэлээгүй юм. Москвагийн олимпийн наадмын хагас шигшээд хуучин ЗХУ-ын Якутын бөх, олимп, дэлхийн аварга Павел Пинигин, Даваажавын уруулыг сэт мөргөсөн. Тэр Пинигин бол маш харгис барилдаантай бөх байсан. Тэгээд цус тогтохгүй хөвөн чихэж байгаад л барилдсан. Болгарын бөх Рачевтай аваргын төлөөх барилдаанд сэтэрхий уруултай ялж яваад, цаг дуусахаас хэдхэн секундын өмнө ялагдсан. Тэр барилдаан кино зураг нь ч өнөөдөр үлдсэн байгаа. Тэгээд тухайн үед түүнийг ялж яваад ялагдсан, хариуцлагагүй барилдсан гээд авах ёстой урамшууллыг нь өгөөгүй төдийгүй багш, тамирчин бүгд л урамшуулал авах байтугай арай л шийтгүүлээгүй үлдсэн дээ” хэмээн дурсан ярьж билээ.


Гүндүүгүй сайхан сэтгэл, төлөв даруу зантай энэ алдарт бөхөд дэндүү хожуу буюу 10 жилийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин цолыг нь хүртээсэнд бөхдөө хайртай монголчууд өнөөдөр ч харуусан ярьдаг юм.


Ж.Даваажав 1970-аад оноос үндэсний бөхөөр барилдаж 1975 онд Ардын хувьсгалын 54 жилийн ойн баяр наадмаар дөрөв давсан бол 1982 онд Ардын хувьсгалын 61 жилийн ойн баяр наадмын барилдаанд С.Цэрэн аваргаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн билээ. Тэр 1986, 1990 оны үндэсний их баяр наадамд тус тус тав давж начин цолоо баталсан чимэгтэй Монгол Улсын начин цолтон байсан юм.


Ж.Даваажав 1982-1992 онд улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж спортын гавьяат мастер тав, Олон улсын хэмжээний мастер 26, спортын мастер цолтон 11 хүнийг сурган хүмүүжүүлж, дасгалжуулсан шилдэг багш, дасгалжуулагч байлаа. Тэр 1988 оны Сөүлийн олимпийн наадам болон 1989, 1990 оны ДАШТ, 1990, 1997 оны Ази тивийн АШТ-үүдэд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар тус тус ажилласан байдаг.


Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин, Монгол Улсын начин, Биеийн тамир  спортын тэргүүний ажилтан Жамцын Даваажав 2000 онд ид хийж бүтээх 48-хан насандаа зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.


Спортын ахмад сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун “Олимпийн медальт монголчууд” номондоо: Москвагийн олимпийн наадамд сайхан барилдсан бөхчүүлийнхээ амжилт, ялалтыг үнэлж дүгнэлгүй, бүр хатуухан хэлбэл тоолгүй орхисноос үүдээд сайн юм болоогүй. Тэнгэр, бурхан ч хилэгнэсэн байж мэднэ, яаж мэдэх билээ. 1980 оноос хойш Монголын чөлөөт бөхчүүд олимпоос медаль авч үзэлгүй өдий хүрч байна. Өмнө нь буюу 1968, 1972, 1976 оны олимпиос манай чөлөөтийнхөн дараалан медаль авч байсныг уншигч та санаж байгаа. 1980 оны олимпиос хойш одоо хэдэн жил өнгөрөөд байгаа билээ. Москвагийн наадмын мөнгөн медальт Ж.Даваажав маань увайгүй зарим хүнээр олонтаа азгүйгээрээ дуудуулсаар яваад өөрөө би ер нь азгүй хүн байхаа гэсэн гутранги бодолтой болчихсон ч байж мэдэх юм. Би л хувьдаа Жамцын Даваажавыг азтай хийморьтой, эртэй, бяртай, мэхтэй, ухаантай сайхан бөх гэдгийг залгамж үеийнхэнд хэлэх байна” хэмээн онцолсон байдаг.


Тиймээ, олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсан үнэхээр л эх орондоо төдийгүй дэлхийд танигдсан шилдэг бөх, бас чадварлаг дасгалжуулагч байсныг бид эргэн дурсаж гавьяаг нь мөнхжүүлэх учиртай. Харин Монголын олимпийн медальтнуудын холбооноос санаачлан Булган аймгийн Тэшиг сумын нутгийн зон олонтой хамтран төрсөн нутагт нь түүний гэрэлт хөшөөг босгохоор болсон билээ.   

Холбоотой мэдээ