Нүүн шилжүүлэх сургуулилтад 22 мянга гаруй иргэн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-06 18:58:16

Увс /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын хүрээнд 10 дугаар сарын 06-ны өглөө Улаангом сумын иргэдийг оролцуулж газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг дөрвөн цэгт зохион байгуулав.

Дадлага сургуулилтад 22 мянга гаруй иргэн оролцлооМөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулна.

Өглөөний орон нутгийн 07.00 цагаас эхэлж Улаангом суманд автомашины хөдөлгөөнийг өдрийн 10 цаг хүртэл, үйлчилгээний газруудыг өдрийн 11 цаг хүртэл ажиллахыг түр хориглосон бөгөөд гамшгийн дуут дохио өглөөний найман цагт дуугарсан юм. Хэдийгээр амралтын өдөр байсан ч Улаангомчууд товлосон дөрвөн цэгт цагтаа амжиж очлоо.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт маргааш орой орон нутгийн 21 цагаас өндөрлөх бөгөөд Тариалан сумыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа мөн явагдана.                                                                                                       

Б.Батхүү

Холбоотой мэдээ