Цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдсан тул хуулийн хариуцлага тооцно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-07 13:51:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас 10 дугаар сарын 07-ны 11 цагт мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд УИХ-ын гишүүн асан, Мөнхчулууны Зоригт цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдсан тул түүний эсрэг гомдол гаргана гэсэн байна.

“Сүхбаатар аймагт нөхөн сонгууль болж буйтай холбоотойгоор улс төрийн үйл ажиллагаа эрчимжиж, намууд, нэр дэвшигчидтэй холбоотой, нэг нэгнээ гүтгэсэн, доромжилсон утга агуулга бүхий олон мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна.

Гэтэл үүнийг аймгийн Цагдаагийн газар өөгшүүлэн дэмжиж, нэг намын үйл ажиллагааг байгууллагынхаа фэйсбүүк хуудсаар тараасан мэтээр ташаа ойлгож,  цагдаагийн байгууллага улс төрийн намын мэдэлд оржээ гэсэн утга бүхий мэдээллийг М.Зоригт өөрийн фэйсбүүкт байршуулсан.

Энэхүү мэдээлэл нь Зөрчлийн тухай хуулийн 06 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт заасан гүтгэх, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан гэх хуулийн заалтыг зөрчиж байх тул хуулийн дагуу арга хэмжээ тооцох болно” гэж аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Ганчимэг мэдэгдлээ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ