Шилжин явах цомын эзнээр "Хаан" банкны хамт олон шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-10 15:42:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос хамтран ажилладаг, гишүүн байгууллагуудын дунд зохион явуулж буй эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах “Дарханы бүсгүйчүүд - 2018” гар бөмбөгийн тэмцээн  энэ оны 10 дугаар сарын 06-7-нд аймгийн Спортын ордонд болж аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд тус холбоотой хамтран ажилладаг, гишүүн 20 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сориход тэмцээний энэ удаагийн тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарын хамт олон шалгарчээ. Харин удаах байрт “Дархан Ус суваг” ХК, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийн эзэд боллоо.

Тэмцээний нэгэн сонирхолтой хэсэг нь  шилдэг хөгжөөн дэмжигчтэй хамт олныг тодруулдаг. Энэ удаагийн шилдэг хөгжөөн дэмжигчтэй баг хамт олноор Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхан тодорлоо.Тэднийг тус ангийн дэргэдэх үлээвэр найрал хөгжмийн анги хамт олон ирж дэмжсэнээр шилдгээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.Тэмцээний бас нэгэн шагнал бол шилдэг довтлогч. Дарханы бүсгүйчүүд гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор "Хаан" банкны эрхлэгч Д.Мөнхзул шалгарав.

Ийнхүү 2005 оноос хойш тасраад байсан гишүүн байгууллагуудын дунд зохион байгууллагддаг гар бөмбөгийн тэмцээнийг хоёр жилийн өмнөөс сэргээн зохион байгуулснаар Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа эрчимжиж, хамтран ажиллах байгууллагын тоо нэмэгдсэн ажээ.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ