“Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-08 14:58:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм. Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа. 


УУЛЗАЛТЫН ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:


“Та бүхний ирүүлсэн тайлантай танилцлаа. Тайлангаас тодруулах зүйлсээ асууна. Надад иргэдээс маш олон өргөдөл, гомдол ирдэг. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх ямар гарц байгаа вэ гэдгийг бид эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин, дахин уулзаж, ярилцана…” гэлээ. 

Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг баталсан. Хэрэгжүүлэх зөвлөмжийг улсын хэмжээнд бүх цэцэрлэгийн удирдлагуудад болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Боловсролын газарт хүргүүлсэн. Энэ дагуу цэцэрлэгүүд өөрсдийн хөрөнгөөр стандартыг хангах ямар бололцоо байгаа вэ гэдгээ судалж бидэнд эхнээсээ хариугаа ирүүлж байгаа. Улсын хэмжээнд 571 сургууль байгаагаас нийслэлийн хэмжээнд 100 хувь, орон нутагт гурван аймгаас бусад нь эрсдэлийн үнэлгээгээ хийж бидэнд ирүүлсэн. Их эрсдэлтэй үнэлэгдсэн сургууль улсын хэмжээнд 65 байгаа. Үүнээс 15 нь нийслэлд, 50 нь орон нутагт байдаг. Одоо үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын дийлэнх нь 1970 оноос хойш баригдсан барилгатай. Эхнээсээ насжилт нь 50 жил болж байгаа. Бид эрсдэлийн үнэлгээний дагуу дээвэр, цахилгаан, сантехник зэргийг шинэчлэн засварлахад түлхүү анхаарна.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар: Боловсролын тухай хуульд зааснаар зайлшгүй шаардлагын улмаас сургуульд элсэх боломжгүй малчдын хүүхдүүдийг эцэг, эхийнх нь гаргасан үндэслэлийг харгалзан шийдвэрлэх асуудлыг тусгасан байдаг. Ийм хүсэлтийн дагуу бид зургаан настай хүүхдүүдийг нэг жилийн хугацаанд сургуульд орохыг нь хойшлуулж байгаа. Өнгөрсөн жил 1335 хүүхэд энэ маягаар элсэлтээ хойшлуулсан. Тиймээс бид хариу арга хэмжээ болгож дотуур байрныхаа нөхцөл байдлыг дээшлүүлж, хүүхдээ үлдээгээд явахад аюулгүй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн дотоод орчинд өдөр өнжүүлэх ажиллуулах шийдэл гаргасан. Сургуулиас гадуур орчинд бол Боловсролын яам бүрэн хяналт тавьж чадахгүй. Хүүхдийн төлөө газар, Засгийн газар руу бид саналаа хүргүүлсэн. Зөвхөн сургууль дотор байгаа тохиолдолд манай яам хяналт тавих боломжтой. Одоо стандарт, шаардлагыг шинэчлэн боловсруулж байгаа.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг: Энэ хичээлийн жилд бага ангийн болон хөгжмийн багшийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Боловсролын яаманд хүсэлт тавьж, МУБИС-ийн дэргэд хөгжмийн анги нээгдэж 275 оюутан суралцах боломжтой болгосон. Мөн Соёл, урлагийн дэргэд 60 багш бэлтгэх анги ажиллаж байна. Хөгжмийн 90 гаруй багш мэргэжлийн бус хүмүүс байгаа. Бага ангийн багш дутагдалтай байгаа ч багшлах эрхийн шалгалтыг авахаа больсон тул хүрэлцээ сайжирна. Яг мэргэжлийн багш ажиллаж чадахгүй байна. Уртасгасан цагийн бүлэг ажиллуулах шийдэл гаргасан. Одоо эцэг, эх өөрөөсөө мөнгө гаргаж, багшийн илүү цагийн хөлсийг өгч байгаа. Харин бид Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Мөн төсөв суулгах шаардлагатай байгаа тул тодорхой алхам хийгдэх байх гэж бодож байна.

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр: Улсын хэмжээнд 1645 гэрэлтүүлгийн шонг аюултай эсэхийг шалгасан. 27 албан шаардлага өгчихсөн байгаа. Харин 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн харилцаа холбооны 1386, цэвэр бохир, дулааны 856 шугам сүлжээний таг, 152 сургууль, 195 цэцэрлэгт шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд 575 худгийн тагийг засварлуулж, тэмдэг тэмдэглэгээг нь сайжруулсан. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 01 гэхэд олон нийтэд зарладаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр ийм төрлийн зөрчил мэдэгдэхгүй байдаг. Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд зарим эмээ нуудаг. Мөн ТҮЦ зарим бүтээгдэхүүнээ нуудаг. Ийм тохиолдолд зөрчил илрэх боломжгүй байна. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид тав хоногийн өмнө мэдэгдэж байж л шалгана. Хэрэв өөрчлөх юм бол манай байцаагчид гэнэтийн хяналт, шалгалт хийхэд бэлэн байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал:Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” хөдөлгөөн давхардсан тоогоор 6.1 сая хүнд хүрсэн. Хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, бусад эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой харилцааг бий болгох чиглэлээр Харилцаа холбооны газартай хамтран ирэх сард нөлөөллийн аян зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Мөн цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулсан. Энэ хэлтэст 18 хүн ажиллаж байна. Түүнчлэн бид олон улс орнууд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгааг судалж байгаа.

-Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат:Энэ үзүүлэх сургалтыг бусад сургууль зохион байгуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд олноор ирүүлж байна. Энэ сургалтыг нийслэлийн хэмжээний 134 сургуульд зохион байгуулахад 276.3 сая төгрөг, нэг сургуульд 2 сая 60 мянга орчим төгрөг шаардлагатай болж байгаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх: 2018 онд УИХ хүүхэд хөгжил, хамгааллын салбарт 6.4 тэрбум төгрөг суулгасан. 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгт хувиарласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр 700 сая төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 667 сая төгрөг, дэргэдэх байгууллага буюу “Найрамдал”, “Өнөр бүл”, “Нарт хангай”, “108” төв, хүүхэд хамгаалах байранд 789 сая төгрөг, салбар дундын үйл ажиллагаанд 1.4 тэрбум төгрөг суусан. Эдгээр зардлаас тавилга, тоног төхөөрөмжтэй холбоотой зардал нь 192.5 сая төгрөг болсон. Тавилга гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг төвд нөхөн сэргээх төхөөрөмж, техникийн хангамж хүрэлцээгүй байгаа зарим орон нутагт компьютер, ширээ сандал авсан. Энэ нь 67.4 сая төгрөг болсон. Мөн “Өнөр бүл” төвд 23 сая төгрөгийн архивын тоног төхөөрөмж авсан.

МӨН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД:

Нийт 70 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналыг үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар санаанд хүрэхгүй, хангалтгүй ажилласан байна. Харин өнгөрсөн уулзалтаас хойш Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба бодитой, шуурхай ажилласан байна. Энэ ажлаа битгий орхигдуулаарай гэлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгийг төсөвт суулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр суулгах боломжийг судлах ажлыг УИХ-ын зарим гишүүдэд сануулж, ажил хэрэг болгохыг хүсэв. Мөн бага насны хүүхэд хүчирхийлэх хэрэг буурахгүй байгааг онцолж, өдөрт 2-3 удаа ийм төрлийн хэрэг гарч байгааг хатуу санууллаа. Тиймээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд л цаазаар авах санал гаргасан, энэ саналын хариуг Засгийн газар одоо хүртэл ирүүлээгүй байгааг онцлон дурдав.

Холбоотой мэдээ