Шашны байгуулагуудын үйл ажиллагааг шалгаж, үүрэг, чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-08 15:36:07

Архангай /МОНЦАМЭ/.Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа шашин, сүм, хийдийн байгууллагуудад  хяналт тавих, зөвлөн туслах үйл ажиллагааг сумын ИТХ-ын даргын 09 тоот захирамжаар аймгийн Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.

Ажлын хэсэг Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа буддын хоёр, христийн зургаан газрын үйл ажиллагаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, сүмээр үйлчлүүлэгчдийн тоо, судалгаа мэдээлэл, хандив өргөлийн бүртгэл, зарцуулалт, ажиллагсад, итгэгчид, удирдлага зохион байгуулалт, тохижилт, эрүүл, аюулгүй орчин, нийгмийн хариуцлага, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулдаг эсэх, камержуулалт зэрэг 12 чиглэлээр хяналт хийв.

Хяналт шалгалтаар зарим байгууллагын санхүүжилт нь тодорхой бус, төлөвлөлтгүй, шашны зарим урсгал нь дотроо үзэл баримтлалын зөрчилтэй, итгэгчдийн судалгаа, мэдээлэл, өргөлийн бүртгэл байхгүй, эд хөрөнгийн бүртгэлгүй, нийгмийн үйл ажиллагаа явуулах тодорхой тогтсон ажил байхгүй, ажиллагсдын орчин нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хэвийн бус, сүм хийдийн тохижилт, соёжилт, эрүүл ахуй хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ.

Үүний дагуу зөрчил дутагдлаа арилгах зөвлөмжийг сүм, шашны байгууллагуудад хүргүүлсэн байна. Итгэгчдийн судалгаанаас үзэхэд Адвентист сүм 160 гаруй итгэгч буйгаас байнга оролцдог 20-25, Бавтист сүмд 200 гаруй итгэгч буйгаас байнга хамрагддаг 30-40, Эвингелистийн дөрвөн сүмд 230 гаруй итгэгч бүртгэлтэйгээс байнга хамрагддаг 80 гаруй байна. Нийт 590 гаруй иргэн аль нэг сүмэд хамрагддаг нь Эрдэнэбулган сумын 21000 хүн амын 2.68 хувь христийн сүмийн цуглаанд хамрагддаг гэх судалгаа гарчээ. 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ