“Хоол тэжээлийн цочмог дутлын эмнэл зүйн заавар”-ыг боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-08 16:39:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувьд хоол тэжээлийн хүнд дутлын тархалт бага хэдий ч эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийг эмчлэх эмнэл зүйн зааврыг боловсруулах шаардлагын улмаас улс орны болон олон улсын мэдлэг, туршлагын үр дүнд суурилсан мэдээлэлд үндэслэн, олон удаагийн хэлэлцүүлгийн дүнд “Хоол тэжээлийн цочмог дутлын эмнэл зүйн заавар”-ыг боловсрууллаа.


Уг зааварт хоол тэжээлийн дутлаас сэргийлэх арга зам, хүндрээгүй бол эрүүл мэндийн анхан шатны байгууллагад эрт үед нь оношилж, эмчлэх, хэрэв хоол тэжээлийн дутал хүндэрсэн үед үзүүлэх лавлагаа шатны тусламж үйлчилгээг нарийвчлан, системтэй зааварлаж өгсөн байна.

Хоол тэжээлийн дутлын асуудалд тавих анхаарал нэмэгдсэн ч, хүнсний дутагдал нь нярай, бага насны хүүхэд, өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн олон талт хүндрэлтэй асуудал хэвээр байсаар байгааг эмч мэгэжилтнүүд хэлж байна. Хоол тэжээлийн дутлын улмаас өвчлөл, нас баралт, оюуны хөгжлийн саатал, урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдалт нэмэгдэж, улс үндэстний нийгэм, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Монгол оронд 5 хүртэлх насны хүүхдийн 1.3 хувь буюу 8016 хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Улсын хэмжээнд жил бүр 2466 хүүхэд хоол тэжээлийн хүнд хэлбэрийн дуталтай, 5.549 хүүхэд дунд зэргийн хоол тэжээлийн дуталтай байна. Орон нутагт хүнс тэжээлийн цочмог дутагдлын тархалт илүү их ба 5 хүртэлх насны хүүхдийн 1.5 хувьд тохиолдож байна.
Хүн амын ядуурлын түвшин хэвээр хадгалагдаж байгаа нь хүнс тэжээлийн цочмог дутагдлын үзүүлэлт /жин багатай, давжаа/ өсөхөд нөлөөлж, санхүүгийн хямрал, хүнсний дутагдал, гамшиг болон осол зэрэгт мэдрэг байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ