ОХУ-Энэтхэг: Америкийн хоригоос айхгүйгээр зэвсгийн наймаа хийсэн нь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-10-08 17:04:36

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр стратегийн түншлэлийн харилцаатай Энэтхэг улсад хоёр өдрийн айлчлал хийлээ. Орос улсыг удирдсан 18 жилийн хугацаанд тэрбээр Делид 8 дахь удаагаа зочилсон бөгөөд түүний энэ удаагийн айлчлалыг өнгөцхөн ажиглаваас, тогтмол болдог айлчлалуудын нэг гэж үзэж болохоор. Тодруулбал, 1950-иад оны дундуур Энэтхэгийн Ерөнхий сайд асан Жавахарлал Неру Москвад анх удаагаа хүрэлцэн ирж байсан тэр үеэс хойш 19 дэх удаагийн Орос-Энэтхэгийн Дээд хэмжээний уулзалт Шинэ Дели хотод болж өнгөрлөө.


Харин Путиний энэ удаагийн айлчлал нь их гүрнүүдийн хооронд худалдааны дайн, хоригийн дайн гэх мэт  сөргөлдөөн үүсч, дэлхий даяар тогтсон дэг журамд өөрчлөлт гарч буй үед болж байгаагаараа онцлог юм. Тэр тусмаа сөргөлдөөн улам хурцдаж буй энэ үед дэлхийд хүн амын тоогоор хоёрдугаарт ордог Энэтхэг улсад зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлэгч Орос улсын төрийн тэргүүн айлчлах үеэр хоёр тал олон тэрбум долларын үнийн дүн бүхий зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь ажиглагчдын анхаарлыг ихэд татлаа. Тодруулбал, Орост үйлдвэрлэсэн зенитийн пуужингийн С-400 “Триумф” цогцолборыг Энэтхэг улсад нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Агаарын довтолгооноос хамгаалах уг системийн 5 цогцолборыг Энэтхэг улс 5 тэрбум 430 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ба ингэснээр тус улс "С-400"-г худалдан авсан гадаадын гурав дахь орон болж байна. Өмнө нь уг зэвсгийг Хятад, Турк хоёр худалдан авсан юм. 

С-400 бол алсын тусгалтай шинэ үеийн зенитийн пуужингийн цогцолбор бөгөөд нисэх онгоц, дунд тусгалын далавчит болон баллистик пуужинг устгах зориулалттай юм. Уг цогцолборын пуужингууд 400 км зайд тусдаг ба 30 км өндөрт байгаа байг устгах чадвартай.




ОХУ болон Энэтхэг улс цэрэг-техникийн салбарт нягт хамтран ажилладаг бөгөөд Энэтхэгийн зэвсэгт хүчний байлдааны техникүүдийн 70 гаруй хувь нь ОХУ болон ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн зэвсгүүд байдаг. ОХУ жил бүр олон тэрбум ам.долларын техник, зэвсгийг Энэтхэгт нийлүүлсээр ирсэн бөгөөд 2016 онд Энэтхэгт "С-400" цогцолборыг нийлүүлэх талаар Путин, Моди нар тохиролцсон юм.  


Хоёр жилийн өмнө нэгэнт тохиролцсоны дагуу зэвсэг нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан нь хэвлэлийнхэн болон улс төрийн хүрээнийхний анхаарлыг чамгүй ихээр татаж байгаагийн учир юу вэ?


АНУ-ын эрх баригчид Оросын зэвсэг техникийн үйлдвэрлэлийн салбарт бүхэлд нь хориг тавьсан бөгөөд өнгөрсөн онд Конгрессоос баталсан “Хориг арга хэмжээний үндсэн дээр Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай хууль” /Countering America’s Adversaries Through Sanctions Act, CAATSA/-ийн үндсэн дээр Оросоос зэвсэг худалдан авсан улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Тухайлбал, хятадууд Оросоос Су-35 сөнөөгч онгоц болон С-400 цогцолборыг худалдан авсны дараа АНУ-ын Сангийн яам болон Төрийн Департамент Хятадын армид зориулан зэвсэг зохион бүтээдэг “Тоног төхөөрөмж зохион бүтээх департамент” гэдэг байгууллагад хориг тавьжээ. Энэ нь Орос улсаас зэвсэг худалдан авахаар төлөвлөж буй бусад улс орнуудад сануулга өгсөн хэрэг байлаа.  CAATSA хуулийг  2017 оны 8 дугаар сард баталсан бөгөөд “Орос улс 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон” гэх дуулиантай холбоотойгоор өмнө нь Донбасс, Крымын асуудлаар Оросын эсрэг аваад байсан хоригуудыг улам чангатгах зорилгоор гаргасан хууль юм.


Харин Энэтхэг улс өөрийн үндэсний аюулгүй байдлын эрх ашгийг эрхэмлэн, АНУ-ын хоригийн дарамтанд оролгүйгээр Орос улстай зэвсгийн наймааны томоохон хэлцлүүдийг В.Путиний айлчлалын  үеэр хийлээ. Дээр дурдсан С-400 “Триумф” цогцолборыг худалдан авах нь Энэтхэгийн зэвсэгт хүчинд амин чухал гэдгийг India Today сэтгүүлд онцлон тэмдэглэсэн байна. Уг цогцолбор нь хоёр фронт дээр эсрэг талуудыг /Пакистан, Хятад/ тогтоон барихад чиглэсэн хамгаалалтын стратегийн бүрэлдэхүүн хэсэг юм. Оросын С-400 цогцолборын эрт илрүүлэх радарууд нь 600 км-ийн зайд байгаа 300 хүртэлх тооны байг илрүүлж чадах бөгөөд энэ нь Пакистаны нутгийн гүнээс хөөрч буй цэргийн нисэх онгоцууд, Төвдийн тэгш өндөрлөг газраас хөөрч буй Хятадын сөнөөгч онгоцуудыг  ажиглан хянах боломжтой гэсэн үг.


Nikkei Asia Review сонинд бичсэнийг үзвэл, 2017 оны зун Бутантай залгаа хил дээр Энэтхэг, Хятад хоёр 73 хоногийн турш дайны байдалтай байсан ба хоёр тал хэл амаа ололцохоор тохиролцсон боловч сөргөлдөөнд дахин хүргэж мэдэхээр асуудлууд байсаар байна. Түүнчлэн Кашмирын бүс нутагт Энэтхэг болон Пакистаны цэргүүдийн хооронд үе үе буудалцаан болсоор байгаа билээ. Түүнээс гадна, Энэтхэгт амьдарч буй Далай лам, Хятад-Пакистаны харилцаа гүнзгийрч байгаа, Гималай уулс дахь газар нутгийн маргаан, Мьянмар болон Шри-Ланкад Хятадын нөлөө бэхжиж байгаад энэтхэгчүүд түгшиж байгаа, Энэтхэгийг гурван талаас нь ороож буй Хятадын “Нэг бүс, нэг зам” төсөл зэрэг олон ээдрээтэй асуудал Энэтхэг-Хятадын харилцаанд хуримтлагдаад байгаа билээ.


ОХУ-Энэтхэгийн хооронд байгуулсан зэвсэг худалдах, худалдан авах олон тэрбумын хэлцлүүд нь сүүлийн жилүүдэд таагүй уур амьсгалтай болоод байсан хоёр орны харилцааг сайжруулах чиглэлд хийсэн бодит алхам гэдгийг ажиглагчид онцолж байна. Тухайн үед энэтхэгчүүд нэг зах зээлээс хэт хамааралтай болохгүйн тулд АНУ-аас нисдэг тэрэг, эргүүлийн нисэх онгоцууд худалдан авч эхэлжээ. Америкчууд цэргийн холбооны технологио Энэтхэгт өгөв. 2013-2017 онд Энэтхэгийн талын худалдан авсан Америкийн цэргийн тоног төхөөрөмжийн хэмжээ өмнөх 5 жилтэй харьцуулахад 5 дахин өссөн байна.


Харин В.Путиний айлчлалын үеэр энэтхэгчүүд Америкийн хоригийг үл хайхран Оросын С-400 системийг худалдан авахаар болсон учраас америкчууд цэргийн технологио Энэтхэгт цаашид нийлүүлэхгүй байж магадгүй юм. Учир нь, Америкийн технологийг Оросын системүүдтэй хослуулан хэрэглэх явдлыг АНУ-ын эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй гэж Вашингтоны Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Ричард Россов үзэж байна. 



Энэтхэгийн тал С-400-гийн хэлцлээс гадна Орост үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн 4 харуулын хөлөг онгоцыг  2,5 тэрбум доллароор худалдан авах гэрээ хийлээ. Эдгээрээс 2 хөлөг онгоцыг Орост үйлдвэрлэх бол нөгөө хоёрыг нь Оросын мэргэжилтнүүдийн удирдлагын дор Энэтхэгийн Гоа хотод угсрах ажээ. Түүнээс гадна,  “Армата” танкийн 1700 ширхэг суурийг Энэтхэгийн тал 4,5 тэрбум доллароор худалдан авах гэж байгаа тухай мэдээлэл Энэтхэгийн хэвлэлүүдэд гарсан байна. Мөн Оросын АК-103 автомат бууг Энэтхэгт нийлүүлэх, эсвэл тус улсад лицензээр үйлдвэрлэх асуудлыг хэлэлцсэн бололтой. Олон тэрбумаар хэмжигдэх эдгээр хэлцлийн нэлээдийг нь доллароор бус харин хоёр улсын үндэсний валют болох рубль болон рупигээр хийснийг дурдах нь зүйтэй. Одоогийн байдлаар, хоёр орны гадаад худалдааны эргэлтийн 20 хувийг дээрх хоёр валютаар хийж байгааг Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин хэллээ.


Цэрэг зэвсгээс гадна цөмийн эрчим хүчний салбарт 2 тэрбум орчим долларын тохиролцоо хийжээ. Тодруулбал, “Росатом” компани одоо баригдаж буй 6 реактор дээр нэмж дахин 6 реакторыг Энэтхэгт барихаар тохиролцсон ба төслүүд хэрэгжсэнээр тус улсын АЦС-уудын хүчин чадал 3 дахин өсөх юм. Мөн хоёр тал сансрын салбарт хамтран ажиллаж, Энэтхэгийн сансрын нисгэгчдийг бэлтгэх, энэтхэгчүүд “Гаганьян” гэдэг сансрын хөлгөө 2022 онд сансрын тойрог замд гаргахад нь ОХУ туслахаар тохиролцсон байна. Түүнчлэн, хоёр тал Ираны нутгаар дайруулан Балтийн тэнгис болон Энэтхэгийн далайг холбох “Умард-Өмнөд” гэдэг тээврийн коридорыг байгуулах боломжийг хэлэлцжээ.


Ерөнхийд нь тоймловол, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан гэрээ хэлцлүүдийн үнийн дүн нь 10 тэрбум доллароос хол давсан байна. Үүний сацуу, 2025 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 3 дахин нэмэгдүүлье гэсэн Энэтхэгийн санаачилгыг В.Путин дэмжлээ. Орос-Энэтхэгийн дараагийн дээд хэмжээний уулзалт 2019 онд ОХУ-д болох ба Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди-г Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьжээ.


Б.Адъяахүү

 

 

 

 

Холбоотой мэдээ