Хайраар зурсан дэлхий

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-10-08 17:28:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аливаа улсын уран бүтээлчид ямар арга замаар өөрийгөө хэрхэн илэрхийлж, харуулахыг зорьж буйг нь уран зургаас тольдож  болдог. Тэгвэл зураач М.Болортуяагийн ‘‘Арт Болориа 3: Хайр татам амьтад” бие даасан үзэсгэлэн “Бэст арт галерейд” гарч олны хүртээл болсон билээ.


УРАН БҮТЭЭЛЧИЙН ТАВАН ЖИЛ


Залуу уран бүтээлч М.Болортуяа нь ховордсон ан амьтад болоод монгол орны зэрлэг амьтадын талаар сүүлийн таван жил дагнан бүтээл хийж байгаа ба түүний уран бүтээлийг сонирхон цуглуулагчид нилээдгүй болсон байна. Түүний өмнөх үзэсгэлэн мөн адил амьтдын тухай байсан ба энэ удаагийн үзэсгэлэн нь өмнөх үзэсгэлэнгээс арга ажиллагаа болон агуулга, дүрслэл илүү нарийн болсоноороо онцлог юм.




Хүн бүр нийгэмд хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Мэдээж их, бага зэрэг хэмжээг нь тодорхойлоход бэрх. Харин уран бүтээлч хүн урлагаар дамжуулан өөрийн нийгэмд нөлөөлж, урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх үүргийг ч мөн дотроо агуулдаг. Мэдээж урлагаар дамжуулан энэрхүйг түгээх гэж шоу тоглолт хийж болохгүй. Харин гумманистуудыг бэлтгэж болдог. Энэ нь энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүмүүсийг гэсэн үг юм л даа. Жишээ нь хайр татам амьтдын зургуудыг харсан хэн боловч тэдгээр ховор ан амьтан, өхөөрдөм бор туулай, үнэгний жаахан гавар зэргийг устгах, авлах тухай бодол тээсэн хүн болж төлөвшихгүй. Тиймээс л урлаг зарим талаар боловсролын томоохон үүрэг гүйцэтгэдэг билээ.




Зураач М.Болортуяа эх хүний хувьд үзэгчдэд байгалийн салшгүй нандин харилцаа, эх орон, ан амьтнаа хайрлан хамгаалах, үр хойчдоо танин мэдүүлэх өндөр ач холбогдлыг өхөөрдөм амьтдаар дамжуулан илэрхийлэхийг зорьсон нь уг үзэсгэлэнгээс тодхон харагдаж байлаа.


БИДНИЙ МЭДЭХ ХИЙГЭЭД МЭДЭХГҮЙ ЕРТӨНЦ


М.Болортуяа анхны үзэсгэлэнгээ одоогоос гурван жилийн өмнө “Арт Болориа – Миний амьдралын кадрууд” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгож байжээ. Харин дараа нь тэр өөрийн хийх ёстой зүйлээ олж, уран бүтээлчийн хувьд өөрчлөгдсөн гэж хэлж болно. Учир нь тэр хоёр дахь үзэсгэлэнгээ “Арт Болориа – Амьтад” гэсэн нэртэйгээр 2016 онд нийтийн хүртээл болгосон юм. Харин энэ удаад “Хайр татам амьтад” болж өөрчлөгджээ. Тус үзэсгэлэн тэр чигтээ амьтдын зургуудаас бүтсэн байна. Нэг ёсондоо илүү дутуу өөр чимэг байхгүй гэсэн үг.




Хэрхэн амьтад дагнаж зурахаар болсон тухайгаа тэр ийнхүү тайлбарласан юм. “Зураач болгонд өөр өөрийн гэсэн сонирхдог сэдэв гэж бий. Мэдээж тухайн зураач ямар сэдэвтээ илүү дуртай байна түүнээс л шалтгаалдаг. Би бага байхаасаа л амьтанд хайртай, нохойтой их найзалдаг байлаа. Хайр татам бяцхан амьтдад маш их дурладаг. Амьтад чинь өөрөө их өргөн сэдэв. Тэгээд л “animalist” урсгалаар дагнасан даа. Сүүлийн үед бүр илүү дуртай болж байгаа” хэмээв.


Ихэвчлэн бидний мэдэхгүй тэр л ертөнцөд амьтад өсч торниж, зулзагаа анд сургаж, хамгаалж, нуруундаа үүрч, байгаль дэлхийтэйгээ зохицож, хүнээс ч илүүтэй харилцан ойлголцож яваа. Үүнийг уран зургаар илэрхийлж гаргах нь “хайр” гэдэг үгнээс огт чөлөөлж болохгүй ойлголт юм. Бяцхан мазаалай, цас манарган давхих чонон сүрэг, хандгайн тугал, хүрэн бамбарууш, усны шувууд гээд түүний зургуудаас аз жаргал, хайр л мэдрэгддэг. Зураач маань бүтээлүүдээ өөрийн сэтгэл санааны хамгийн цэвэр тунгалаг үед бүтээдэг мэт санагдана.




Бидний мэдэх ертөнцөд харин өнөөгийн дэлхий нийтийн зураачдын бүтээл, уран зургийн чиг хандлага өөрөөр дүгнэгдэж буй. Тэнд дан ганц урлагаар дамжуулан өгөх боловсрол, хүмүүжил зэргээс гадна асуулт нэхдэггүй цэвэр урлаг өөрийн гэсэн бие даасан тогтолцооны хүчтэй оршдог. Тиймээс заавал үүнтэй М.Болортуяагийн зургуудыг харьцуулж дүгнэх шаардлагагүй. Энд зөвхөн хайр татам амьтад л байдаг. Харин үзэсгэлэнг цогцоор нь дүгнэж харвал танд хайраар зурсан дэлхий л үзэгдэх болно.


 

Холбоотой мэдээ