Хөгжмийн урлагийн 20 жилийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-09 11:47:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав “Миний дуунууд-2018” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн “Bluefin” танхимд нээлээ.

Үзэсгэлэнд Монголын рок попын дуучид болон тэдний тоглолтын торгон мөчийг хадгалсан гэрэл зураг, хөгжмийн зохиолчийн морин хуур, төгөлдөр хуур, гитар, шагнал, цом, дууны нот гэх мэт олон сонирхолтой зүйлсийг дэлгэжээ.

Энэ үеэр Л.Балхжав “UBS телевизийн уран бүтээлчид санаачлан орчин үеийн хөгжмийн урлагийн сүүлийн 20 жилийн түүхийг багтаасан гэрэл зургийн үзэсгэлэнг нээж байна. Энэ үзэсгэлэнг би өөрөө ихэд шохоорхон, шимтэн үзлээ. Миний дуунууд концерт маань тасралтгүй 20 жил үргэлжилж буйд сэтгэл маш өндөр байна. Энэ бол ганцхан миний хөдөлмөр биш. Миний ард олон яруу найрагч, хөгжмийн зохиолч, хамтлаг, дуучин, уран бүтээлчийн хамтын хөдөлмөр. Энэ жилийн тоглолтыг өмнөх жилүүдийнхээс илүү онцгой хийхээр бэлтгэл хангаж байна” гэсэн юм. Нээлтэд анхны уран бүтээлийг нь дуулж,  амилуулсан МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, СГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжмийн зохиолч Н.Халиун, залуу уран бүтээлч Ч.Очгэрэл, Б.Замилан нарын зэрэг рок попын төлөөлөл оролцсон.

Тэртээ 1999 онд анхны “Миний дуунууд” тоглолтоо хийж байсан бол одоо 20 жилийн ой, хөгжмийн зохиолчийн урлагт зүтгэсний 45 жилийн ой энэ жил тохиож байна. “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-нд Улаанбаатар паласын концертын танхимд болно.


Холбоотой мэдээ