Өвлийн улирлыг үзэх хүсэлтэй жуулчид олон байдаг ч утаа саад болдог

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-10-09 15:03:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр болсон “Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх” уулзалтын үеэр жуулчдыг татахад чиглэсэн арга хэмжээний товыг нэгдсэн байдлаар гаргах, ААН, байгууллага эрүүл ахуйн стандартыг сайжруулах, хөтчийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэйг онцлов.

Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрөгч 7 дугаар сарын нэгдсэн мэдээллээр  Монголыг зорих жуулчдын тоо 13 хувиар өсч, салбараас олж буй орлого 28 хувиар нэмэгдсэн. Төр,  ААН байгууллага хамтран ажиллах, эрүүл ахуйн стандартаа сайжруулах,  хөтчийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарах нь нэн чухал. Ирэх оноос хөтөч орос, англи, хятад хэлтэй байхыг шаардаж, сургалт зохион байгуулна.Ингэснээр аялал жуулчлалын салбар байнгын чанартай үйл ажиллагаа үзүүлэх боломжтой" болно. 



Уулзалтад ААН, байгууллага, зочид буудлын холбоо, 21 аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд цаашид төр, хувийн хэвшил хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэхэд санал нэгдэв.

Аялал жуулчлалыг эдийн засгийн гол салбараа болгож буй тухай Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ “Манай аймаг байгаль экологийн хувьд эмзэг, ялангуяа уул уурхай ашиглах боломж бага учир аялал жуулчлалыг эдийн засгийн гол салбараа болгосон. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хөтөлбөрөө шинэчилж, байгалийн үзэсгэлэнт тогтоцыг үзүүлэх, уламжлалт зан заншил, язгуур урлагийг түлхүү ашиглаж байна. Мөн хил орчмын Тува, Красноярск зэрэг улстай хамтарч аялал хийх боломжийг судалж байгаа. Тува, ОХУ-ын бизнес аялал хийж буй иргэд Увс руу  ирэх болсон бөгөөд 2017 онд ОХУ-ын 60 мянган иргэн ирсэн тоо бий. Мөн дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй нь Улаанбаатар Увс аймгийг холбосон зам сайжирсантай холбоотой. Мөн байгальд сөрөг нөлөөгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байна. Цэвэрлэх байгууламж, бие засах газар бидний хувьд тулгамдаж буй асуудлын нэг” гэлээ.

Монгол Улсад ирж буй жуулчдын 90 гаруй хувь нь Нийслэл хотоор дамжин өнгөрдөг бөгөөд өвлийн улирлыг үзэх хүсэлтэй жуулчид олон байдаг ч утаанаас болоод үзэж чаддаггүй талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Д.Жавхлан хэлсэн. Тэрбээр “Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Бүргэдийн баяр”, “Дээлтэй Монгол” наадам зэрэг арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн тов гаргах санал дэвшүүлж байна.Тиймээс улирлаас хамааралтай үйл ажиллагааг уртасгах, нийслэлд төвлөрсөн олон улсын хурал зөвлөгөөн, бизнес, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлье гэхээр утаа асуудал болдог. Зүүн өмнөд, хойд Азиас Улаанбаатар хотын өвлийн улирлыг үзэх хүсэлтэй олон жуулчин байдаг. Одоогийн байдлаар хот орчмын амралтын газарт түшиглэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг судалж байна” гэв.

Мөн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотод томоохон сүлжээ зочид буудал бий болж, хүний нөөц дутагдалтай, зочлох үйлчилгээний салбарт чиглэсэн сургалт хийх шаардлагатайг оролцогчид онцлолж байв. 2019 оноос Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Увс аймаг олон улсын нислэг үйлддэг болохоор ажиллаж байгаа аж.

 

Б.Янжиндулам

Холбоотой мэдээ