Үнэт цаасны 31 компани хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-09 14:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос  хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааг цогцоор нь эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани нийт 1 тэрбум 330 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байх шаардлагатай хэмээн мэдэгдлээ.


Санхүүгийн зохицуулах хороо 2016 онд үнэт цаасны зах зээлд зарим зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн баталсан. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаанд 30 сая, үнэт цаасны брокер 100 сая, дилер 200 сая, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар  тогтоосон  байдаг.


Дээрх тогтоолын хэрэгжилтээс үзэхэд өнөөдрийн байдлаар 53 компанийн 31 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө бүрэн бүрдүүлсэн бол 22 нь бүрдүүлэх шатандаа явж байгааг албаныхан хэллээ.


Үнэт цаасны зах зээлд  тусгай зөвшөөрлийн дагуу нийт 53 аж ахуйн нэгж эрхэлж буйн 11 нь хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагааг давхар гүйцэтгэж байгаа юм. Харин нэг компани хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, дилерийн, 11 нь брокер, дилер, андеррайтерийн, 19 нь брокер, дилерийн үйлчилгээг хавсарч, мөн 11 нь зөвхөн дилерийн үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн статистик  байна.



Холбоотой мэдээ