“Эхийн голын тунхаг” бичиг гаргаж хэрэгжүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-09 16:35:21

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор аймгийн ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Говийн гайхамшигт-6” гуравдугаар зөвлөгөөнийг Шинэжинст сумын Эхийн голд зохион байгууллаа. Амьтнаар дамжуулан говь нутгийн экосистемийн хамгаалахад талуудыг татан оролцуулж, цаашид үйл ажиллагааг нэгтгэх нь арга хэмжээний зорилго  байв.

“Говийн гайхамшигт 6 буюу Great Gobi 6“ гэсэн нэрийг Монголын брэнд болгон дэлхийд таниулах ажил гурав дахь жилдээ өрнөж буй. Говийн гайхамшигт зургаад Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөн гэсэн амьтад багтаж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЦЕГ, БОАЖЯ-ны ТХНУГ-ын төлөөлөл, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, ТББ-ууд, Баянхонгор, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймгийн төлөөлөл, Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийн хамгаалалтын захиргаа болон орчны бүсийн сумд, Монгол элсний  болон Хустайн Байгалийн цогцолборт газрын нийт 250 орчим хүн оролцлоо.

Зөвлөгөөнд оролцогсод дэлхий нийтийн өмнө хүлээсэн байгаль хамгаалах үүргээ ухамсарлаж “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахаар нэгдэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг дурдав. Мөн “Говийн гайхамшигт 6” санаачлага олон нийтийн анхаарлын төвд орж талуудын оролцоо нэмэгдэн “Зохицуулах зөвлөл” байгуулагдан ажиллаж байгааг сайшааж, Зохицуулах зөвлөлөөр дамжуулан дээрх амьтдын амьдрах орчныг хамгаалах, зохистой ашиглахтай холбоотой хөрөнгө санхүүжилтийн арга, механизм шаардлагатай болохыг онцолсон юм.

Нөгөө талаар “Тахийн талын тунхаг” болон “Баяртооройн тунхаг” бичигт төлөвлөсөн үйл ажиллагааг талууд идэвхи зүтгэлтэйгээр хэрэгжүүлснийг тэмдэглэж, Алтайн Өвөр Говийн Эхийн голын баянбүрдэд зохион байгуулагдсан “Говийн гайхамшигт 6” III зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичгийг гаргаж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиров.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэд хэдэн санал, санаачилга дэвшүүллээ. Тэрээр “Говийн гайхамшигт 6 амьтны чухал, цөм амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх ялангуяа Эхийн голын баянбүрдийг хүн, малын нөлөөнөөс ангижруулах санаачилгыг дэвшүүлсэн юм.

Нөгөө талаар “Говийн гайхамшигт зургаа” санаачилгын хүрээнд төлөвлөсөн хамгааллын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийн арга, механизмыг боловсронгуй болгох, хөрөнгө төвлөрүүлэх зорилготой итгэмжлэгдсэн сан байгуулах, аймаг бүр 50 сая төгрөгийг жил бүр санд төвлөрүүлэхийг уриаллаа.

Говийн их дархан цаазат газрын захиргаа Говь-Алтай аймагт байрладаг хэдий ч тус захиргаанаас Эхийн гол 200 гаруй км зайтай байдаг. Нөгөө талаар байгаль хамгаалагчдын тоо цөөн, шатахууны зардал хүрэлцээгүй зэрэг хүндрэл  гардаг аж. Энэ байдал нь говийн гайхамшигт зургаа хэмээн нэрлэгдэж буй амьтдын амьдрах орчин болсон гол орчныг бүрэн хамгаалах, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжийг багасгаж байгааг онцолж байлаа. Тиймээс Эхийн голын байгаль хамгаалах хэсэг байгуулах, цаашид Баянхонгор аймагт Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны салбар байгуулах  шаардлага байгааг дурдав .

Эдгээр санал, санаачилгыг нэгтгэж “Говийн гайхамшигт зургаа” гуравдугаар зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичгийг гаргаж, талууд мөрдөж, хэрэгжилтэд анхааран ажиллахаар боллоо. Тунхаг бичигт булаг уст цэг, нарны энергийн өргүүртэй худгийг гаргах, сэргээн засварлах, мониторинг хийж үр дүнг тооцох ажлыг долоон газарт гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж буй Прагийн амьтны хүрээлэн, Мазаалай хамгаалах санд талархал илэрхийлж бусад талуудад уриалах, “Говийн гайхамшигт 6” амьтны чухал, цөм амьдрах орчинд учирч болзошгүй цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, шаардлагатай тохиолдолд хүн, малаас үзүүлэх нэмэлт дарамтыг бууруулах, нэн шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дурджээ.

Мөн  санхүү хөрөнгийг жил бүр төсөвлөх, хэрэгжүүлэх, Хавтгай тэмээ, мазаалай баавгайн нүүдэл, шилжилт  хөдөлгөөнийг үндэслэж хил дамнасан Тусгай хамгаалалттай газар байгуулах асуудлыг судлах, уламжлах, хавтгай тэмээ, монгол бөхөнг сэргээн нутагшуулах,  популяци бий болгох менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд бодлогын хувьд дэмжих, “Говийн гайхамшигт зургаа” санаачилгыг идэвхжүүлэх, олон талын тэгш оролцоог бий болгох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой “Зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг санал, уриалгыг  оруулжээ. 

Холбоотой мэдээ