Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-09 14:30:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 6 дугаар сард өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Шинжлэх ухаан, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, оношлогоо, эмчилгээ, байгаль орчны хамгаалал, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үр дүн нь хэмжих хэрэгслийн техникийн түвшин, хэмжлийн үнэн зөв эсэхээс шууд хамаардаг байна. Тиймээс Монгол Улс хэмжил зүйн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг баталсан бөгөөд 2001 оноос хойш 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Иймд хэмжил зүйн салбарыг хөгжүүлэх зорилгоор дээрх хуулийг шинэчлэн найруулсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Мөн тэрбээр хуулийн төсөлд хэмжлийн нэгж, стандартчилсан загвар, хэмжих хэрэгсэл, аргачлалын талаарх зохицуулалтыг нарийн тусгасныг дурьдлаа.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир нарын гишүүд хуулийн төслийг баталснаар гарах үр дүнгийн талаар тодрууллаа. Төсөл батлагдсанаар хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа нэгдсэн стандарттай, бүртгэлийн нэгдсэн сантай болох нөхцөл бүрдэнэ гэдгийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тайлбарлав. Тэрбээр, “Хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээний үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл, үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах, худалдаа үйлчилгээнд ашиглаж буй хэмжих аргачлал, хэрэгслийг заавал хэмжил зүйн шалгалтад оруулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилов.

Холбоотой мэдээ