Цагаан бар амьтны хүрээлэнгийн ажилтны аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-09 15:50:30

ТОКИО. /BBC/. Японы баруун өмнөд нутгийн Кагошима хотын амьтны хүрээлэнд амьдардаг, ховор төрөл зүйл хэмээн тооцогддог цагаан бар амьтны хүрээлэнгийн ажилтны аминд хүрсэн байна.


“Хиракава амьтны хүрээлэн орон нутгийн цагаар даваа гарагт 17:00 цагт хаасны дараа 40 настай Акира Фурушо хүзүүнээсээ их хэмжээний цус алдсан байдалтай барын торонд хэвтэж байхад нь хамтран ажиллагсад нь олсон” гэж аврах албаны ажилтнууд мэдээлжээ. Хохирогчийг эмнэлэгт хүргэсний дараа нас барсан гэдгийг нь тогтоосон байна.


Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, амьтны хүрээлэнгийн дөрвөн барын нэгийг түүн рүү дайрсан хэмээн таамаглаж байгаа аж. Аврах албаны ажилтнууд болон цагдаа нарыг ирэхээс өмнө уг барыг нойрсуулагч буугаар буудан унтуулсан байжээ.


“Амьтны хүрээлэнгийнхэн цагаан барнуудаа хэрхэн харгалздагийг орон нутгийн цагдаагийн газрын ажилтнууд мөрдөн шалгаж байна” гэж Киодо агентлагийн мэдээлэлд тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ