Далайн сувд-Пөнхү

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
boloroo8136@gmail.com
2018-10-09 22:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 90  гаруй том жижиг арлуудаас бүрдэх Пөнхү сиан нь Тайваний “сувд” хэмээн нэрлэгдэх нь санаандгүй ч зүйл биш байх. Гурван том арлын хооронд олон жижиг арлууд оршин байх ба тэдгээр нь хоорондоо авто замаар холбогдсон байхыг  дээрээс харахад хэлхсэн сувд адил.

 100-хан мянган хүн амтай энэхүү сианы зарим жижиг аралд ердөө 6-хан хүн амьдарч байх жишээний. Гэхдээ Пөнхүгийн ард иргэдийн сарын дундаж орлого 25000 тайвань доллар буюу  монгол төгрөгөөр тооцвол 2 сая гаруй төгрөг.Амьжиргааны гол эх үүсвэр нь загасны аж ахуй, аялал жуулчлал. Жилдээ 500 мянга гаруй жуулчин хүлээж авдаг, нийт аялагчдын 70 хувь нь дотоодын,  30 хувь нь гадны аялагчид байдаг. Цаашид ч аялал жуулчлалын салбараас олох орлогоо улам нэмэгдүүлэх зорилт тавьсан нь “Дэлхийн хамгийн үзэсгэлэнт далайн булан 2018” цуврал арга хэмжээг зохион байгуулж буйгаас харж болох болов уу. Түүний зэрэгцээ тэнд нэг өдөрт ирэх очихын 80 гаруй нислэг үйлдэх олон улсын нисэх онгоцны буудал, бараг бүх арлууд нь хоорондоо тэгш засмал замаар холбогдсон дэд бүтцийн хувьд таатай боломж байна. 



Пөнхү сианы засаг захиргаанаас нутгийн хүмүүст бодлогоор төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлж, хот руу шилжих хөдөлгөөнийг бага ч болов хязгаарладаг юм байна. Жишээ нь, эмнэлэгт дугаар авахад 50 тайвань доллар, /Тайбэйд бол 100-200 тайвань доллар/ , нийтийн тээврээр үнэгүй зорчих, дотоодын нислэгт 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ гэх мэт.

Жуулчлалын бус улирлын үе болох жил бүрийн 10-4 сарын хооронд янз бүрийн спортын  тэмцээн зохион байгуулдаг юм байна.Үүнд усан дээрх бүр төрлийн спорт, дугуй, марафон, дарвуулт завины уралдаан гээд олон үйл ажиллагаанууд зохиогддог ба өвлийн улиралд тэнд очиж тэмцээн уралдаанд оролцож болох юм байна лээ. .





Энэ зургийг харахад цахлайн сүрэг далай дээр сүрэглэн нисч байгаа мэт санагдах боловч үнэндээ бол энэ нь загасчдын тавьсан тор юм.Мөн тодорхой тогтсон хэсэг газарт далайн амьтныг үржүүлж аж ахуй эрхэлж байгаа хэсгийг тэд далайн “бэлчээр” гэж нэрлэдэг ба Пөнхүгийн далайн бүс нутаг нь Тайваньдаа бас томоохонд тооцогддог аж. Түүний зэрэгцээ аялагчдад далай дээр өөрсдийн гараар далайн амьтныг барьж газар дээр нь шууд зооглох боломжийг бүрдүүлжээ.

Нэг ийм хятад хэлц байдаг, “Ууланд амьдарвал уулнаасаа иднэ, усанд амьдарвал уснаасаа иднэ” гэж. Утгачилбал оршин байгаа газартаа зохицон амьдарч, тэндээсээ хооллож ундална гэсэн үг.  Пөнхүгийнхэн эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн арал дээр амьдардаг болохоор далайн амьтдаар хийсэн хоол голчлон иднэ. Миний бие зөөлөн амтанд талтайг хэлэх үү, ихэд таашаан амтархан идэж  билээ. Дээр нь хуурай улирлын үеэр бидний албан тасалгаандаа компьютерийн хорт туяанаас хамгаалж тавьдаг кактус ургамал тэнд бол багсарч ургаж байна лээ. Кактусан дээрх улаан жимсийг нь “Пөнхүгийн улаан алим” гэж нэрлэх ба  түүгээр нутгийнхан жүүс, чанамал хийж идэцгээх юм.




Нэгэнт хоолны тухай дурдсаных, Тайваний алдарт шөнийн захын тухай дурдахгүй байхын аргагүй. Энд янз бүрийн далайн амьтан, хорхой, загас зэргээр шорлог хийж зарахын зэрэгцээ барууны хоолны соёлыг өөртөө шингээсэн нь гадна дотны хүмүүсийн заавал очих газар болжээ. Яагаад шөнийн зах ажиллуулдаг вэ гэхээр хүмүүс өдрийн халуунд ер нь нэг их гадуур гардаггүй, орой нар жаргасны дараагаас л гудамжинд нь жинхэнэ амьдрал буцалдаг  гэж байгаа юм.

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж. Пөнхү нийт 765 зочид буудал, дэн буудалтай, аялал жуулчлалын оргил үед ч буудалллах тухайд толгой өвдөхгүй л юм байна лээ.

Дээр нь нутгийн хүмүүс өөрийн байр орон сууцыг жуулчдыг хоноглуулах дэн буудал маягаар ажиллуулдаг гэнэ, гэхдээ орон нутгийн аялал жуулчлалын вэб хуудаснаас холбогдох мэдээллийг олж авч, гэр буудлыг захиалж болно гэнэ.

Аялал жуулчлалын бренд бүтээгдхүүнээ аль хэдийн бий болгосон түүгээрээ ч аялагчдыг их татах юм.Сүүлийн жилүүдэд манайд ч их дэлгэрээд байгаа байгальд хуримын зураг авахуулах нь Пөнхүд ч мөн их дэлгэрчээ. Ялангуяа Чи Мэй гэх аралд /орчуулбал “7 сайхан” /хос зүрхт чулуун булан нь амраг хосуудын хамгийн түрүүнд очиж хайр сэтгэлээ мөнхөлдөг газрын нэг байх нь. Манай залуус ч тэнд очиж хуримын зургаа авахуулж амьдралынхаа нэгэн мартагдашгүй романтик мөчүүдийг зургийн хальснаа буулгаж болох л юм байна  гэх бодол зурсхийж билээ. 



Тайваньд жуулчлалын смарт карт гэж байдаг юм байна. Энэ нь хоол, байр, шоппинг хийх, тээврийн хэрэгслээр зорчих, аялал жуулчлалын газар зэрэгт тодорхой хэмжээний хөнгөлөлт авах, цаашлаад цахим төлбөр, мэдээллтийн АРР зэрэг гээд аялагчид  хамгийн хэрэгтэй, өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангасан карт байна лээ. Үүнийг очингуутаа авбал их зүгээр санагдсан. Манайд ч гэсэн аялал жуулчлалын бус улирлын үеэр иймэрхүү хөнгөлөлтийн картыг нэвтрүүлбэл жуулчдыг татах бас нэг арга ч болох юм.    

Арлын оршин суугчдын цахилгааны хэрэглээг өндөр өртөгтэй цахилгаан станцаар бус орчин цагт “моодонд” ороод буй сэргээгдэх эрчим хүч болох  салхин цахилгаан станц байх нь энд тэнд байрлуулсан салхин сэнснээс харагдана.

Мөн Пөнхүчүүд цэвэр усны нөөцөөр хомс, тиймээс түүний хэрэглээндээ их хяналт тавина. Энэ жил харин бурхан тэнгэр ивээж бороо их орсон тул борооны усыг ихээр нөөцөлж ундны усандаа хэрэглэж байгаа гэж нутгийн хүн хуучиллаа.

Аялал жуулчлалын оргил үе нь 4-9 сар  хүртэл.  9 сараас эхлээд хүчтэй салхи салхилж эхэлдэг ба биднийг очиход энэ үе нь аль хэдийн эхэлсэн байлаа. Далайн эрэг дээр очиход л үнэхээр л аваад шидүүлчмээр хүчтэй салхинд амьсгаа авахын аргагүй нүүр нүдгүй балбуулна. Тиймээс ч арлынхан тарьсан ногоогоо хүртэл  чулуун хашаанд тарьдаг байна. 




Арлын аялал жуулчлалын зарим нэг сонирхолтой брэнд бүтээгдхүүнээс  сонирхуулбал, далайн эрэгт шумбаж ёроолд нь байрлуулсан  шуудангийн хайрцагт өөрийн гараар бичсэн ил захидлыг хайртай дотны  хүмүүстээ илгээж болно.Уг ил захидал нь ус нэвтэрдэггүй, дээр нь бичсэн үг  үсэг урсаж арилдаггүй онцлогтой юм байна.   За тэгээд ер нь “Зуун удаа сонссоноос нэг удаа үзсэн нь дээр ” гэдэг дээ.



Эцэст нь сонирхуулахад, Пөнхүд аль 1281 онд буюу Хубилай хааны үед монголчууд ирж цэргийн гарнизон хүртэл байрлуулж байх хүртэл хүн амьдарч байгаагүй гэж “The Rough Guide to Taiwan” хэмээх номонд тэмдэглэсэн байдаг байна. 

                                                                                                                                                                                                                                          


                                                                                                                                                                                                                                                                                     Б.Мөнхтуул

 

Холбоотой мэдээ