Жэк Ма: Цахим сүлжээ нэвтэрч дэлхийн худалдааны салбарт асар том өөрчлөлт гарна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-10-09 15:56:06

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Алибаба группын ТУЗ-ийн дарга Жэк Ма өчигдөр Женев хотод болж буй “Дэлхийн Худалдааны байгууллагын Олон нийтийн форум-2018” арга хэмжээнд оролцох үеэр Шинжлэх ухааны хувьслаас болж ирээдүйд жижиг дунд үйлдвэрүүд дэлхийн эдийн засгийн интеграцчилалд үзүүлэх нөлөө нэмэгдэнэ” хэмээв.

Тэрээр хэлэхдээ “Ойрын 20, 30 жилийн хугацаанд цахим сүлжээ бусад бүхий л салбарт нэвтэрч, дэлхийн худалдааны салбарт асар том хувьсал өөрчлөлт гарна. Өмнө нь дэлхийн эдийн засгийн интеграцчилал томоохон ААН-ийн гарт байдаг байсан бол ирээдүйд хөгжиж буй орнууд болон жижиг дунд үйлдвэр, ААН-үүдийн гарт очих болно. Ирээдүйд худалдааны 80 орчим хувь нь цахим хэлбэрт шилжиж, цахим худалдааны хууль, дүрмийг төр засаг, аж ахуйн нэгжүүд зэрэг бүхий л талуудын оролцоотой хамтран тогтоодог болно” гэв.Түүний хэлж буйгаар шинэ техник технологи нь шинэ өрсөлдөөн, боломж, дүрэм журмыг бий болгох бөгөөд хүн төрөлхтөн худалдааг улам бүр нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай болно. Хэрвээ ингэж чадвал улс орон бүр хүртэх ашиг нэмэгдэж, ард иргэдийн амьдралд тустай байх юм гэв. Өчигдөр нээлтээ хийсэн тус арга хэмжээ 3 хоног үргэлжлэх бөгөөд энэ удаагийн арга хэмжээ “Худалдаа-2030” сэдвийн дор болж, худалдааг хэрхэн тогтвортой хөгжүүлэх, техник технологийн хүчээр худалдааг хөнгөвчилж, тус салбарыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцэж байна.  

А.Анхбаяр

 

 

Холбоотой мэдээ