Аймгийн шилдэг багш, сургуулийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-10 15:16:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдрийг Сүхбаатарын багш нар 10 дугаар сарын 08-нд тэмдэглэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш нарыг шагналаа. Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ш.Мөнхсүрэн, тавдугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Одмаа,  ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн бага ангийн багш н.Тунгалаг нар аймгийн засаг даргын нэрэмжит “Шилдэг багш” шагналын анхны эзэд болж, тус бүр нэг сая төгрөгөөр шагнуулав.

 “Би боловсролын салбат 20 жил ажиллаж байна. Баярынхаа өдөр аймгийн Засаг даргын анхны шагналын эзэн "Саятан" багш болсондоо баяртай байна. 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо улсын дундаас дээгүүр оноо авч ийнхүү шагнууллаа.

Энэ шагналд олон хүний хөлс хүч шингэсэн. Сургуулийнхаа хамт олон, багш нартаа, ахмад үе, залуучууддаа, мэргэжил нэгт найз нөхдөдөө, үе үеийн хичээл заалгасан шавь нартаа, даасан анги бол 12а, 8б ангийн шавь нартаа, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүтгэл гарган хамтран дэмжиж ажилладаг тэдний эцэг эхчүүдэд маш их баярлалаа.

Бид улам ихийг хийж бүтээх болно” хэмээн багш Ш.Мөнхсүрэн ярив. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр амжилт үзүүлсэн Баруун-Урт сумын нэг болон дөрөвдүгээр сургуулийг шагнаж урамшуулав.

Багш нарын баярын ар хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч Т.Мөнхболд, Б.Ганцогт, Баруун-Урт сумын ЗДТГ-ын дарга Б.Амарзаяа нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Аймаг орон нутгийн хөгжлийг илэрхийлэх нэг томоохон үзүүлэлт  боловсролын салбарын ажил байдаг. Тиймээс боловсролын салбараа дэмжих, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт гээд бүхий л тал дээр онцгойлон анхаарч ажиллана” гэв.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 608, цэцэрлэгт 162 багш ажилладаг бөгөөд үүнээс 295 нь Баруун-Урт сумын сургууль, цэцэрлэгт ажилладаг.  

 

 Т.Одончимэг

Холбоотой мэдээ