Хятадын ГХЯ: Хятад улс АНУ-ын дотоод сонгуулийн ажилд нөлөөлж буй гэдэг нь ор үндэслэлгүй

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-10-09 16:40:24

 Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс өчигдөр орой үг хэлэхдээ Хятад улс АНУ-ын дотоод сонгуулийн ажилд нөлөөлөх ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгдсэн.

Энэ талаар БНХАУ-ын ГХЯ-наас албан ёсны тайлбар хийв.Тус улсын ГХЯ-ны албан ёсны Хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин БНХАУ-ын байр суурийг илэрхийлэхдээ, АНУ-ын зүгээс Хятад улсыг ямар ч ор үндэслэлгүй зүйлд хутгалдуулж байна, энэхүү үйлдлийг хатуу эсэргүүцэх болно гэв.Тэрээр мөн “Хятад улсын дотоод, гадаад бодлогыг шалтгаангүйгээр янз бүрээр буруушааж байна. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар явж ирсэн. Бид энх тайвны таван зарчимд суурилсан найрамдалт хамтын ажиллагааг улс орнуудтай хөгжүүлэн, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл байдлын төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн. Хятад улс бол дэлхий дахины хөгжилд хувь нэмрээ оруулж, энх тайвныг бүтээгч байсаар ирсэн. Хятад улс хэзээ ч бусад орны эрх ашгийг хөсөрдүүлэн хөгжиж байгаагүй. Үүний зэрэгцээ бид өөрийн орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалах болно. Хятад улс бусад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмыг зөрчиж байсан удаагүй. Бидэнд АНУ-ын дотоод сонгуулийн ажиллагаанд оролцох сонирхол, шаардлага байхгүй. Улсын дотоод хэрэгт хэн илүү оролцдог  нь олон улсын тавцанд нэгэнт тодорхой болсон асуудал, ийнхүү Хятад улсыг гүтгэж буй нь утгагүй зүйл юм. Хятад улс АНУ-ын талаар баримталдаг бодлого хувирашгүй, тодорхой байсаар ирсэн. Бид хамтын хүчээр харилцан хүндэтгэлтэй, элдэв зөрчилгүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. АНУ-ыг алдаагаа залруулж,  Хятад улсыг шалтгаангүйгээр гүтгэж байгаагаа зогсоохыг уриалж байна” гэв.   

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ