Ж.Мөнхбат: Ирэх оны төсвийн төсөлд маш олон мөрөөдлийн жагсаалт гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-09 16:53:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн 10 гаруй хуулийн төслийг  хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.


Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа  даргалсан бөгөөд гишүүдийн ирц 52.6 хувьтай байв. 



Улс орны хөгжилд төрийн аудит чухал нөлөөтэй бөгөөд нийгэмд үзүүлэх үр нөлөөг сайжруулах үүднээс “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан хуралдааны эхэнд тодотгосон юм.


 Тодруулбал уг тогтоолын төслийг баталснаар хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн, улмаар тус байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хараат бус байдлыг бэхжүүлэхэд туслах юм байна. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар нар санаачилсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газрын аудиторууд багтжээ.




 Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат аудитын гаргасан дүгнэлтийн талаар тодруулсан юм.


Тэрээр, "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд гол  чухал нөлөө үзүүлнэ. Улс орны төсөв батлах эгзэгтэй үед аудитын байгууллагын дүгнэлт маш чухал. 2019 оны улсын төсвийн төслийн аудитын дүгнэлтэд дурдсан нэлээн өөдрөг төсвийн төсөл боловсруулжээ гэдэгтэй санал нэг байна. Төсвийн төслийг харахад маш олон мөрөөдлийн жагсаалт гаргасан. Өнгөрсөн жил л гэхэд улсын төсөвт өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн ч энэ нь хэрэгжээгүй төрийн өмчит компаниуд  өнөөдөр алдагдалтай ажилласан хэвээр байгаа. Мөн тонн нүүрсийг уурхайн амнаас 68 ам.доллараар борлуулж байгаа. Гэтэл төсөлд 80 ам. доллараар зарна хэмээн оруулж ирсэн байх жишээтэй. Дэлхийн зах зээлд  зэс, нүүрсний үнэ ирэх жилүүдэд буурах таамаг бий. Мөн Монгол Улс өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан байхад энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа. Та бүхэн төсвийн төслийн дүгнэлт гаргахдаа ямар үндэслэлээр эрсдэлтэй гэж үзсэн бэ” хэмээв. 


Үүнд Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Оюунбилэг  хариулахдаа, "Нүүрсний борлуулалтын тоо хэмжээ өмнөх оны төлөвлөгөөнөөс 9.8 сая тонноор буюу 30.4 хувь нэмэгдүүлэн хэт өөдрөгөөр тооцсоноос төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай гэж дүгнэсэн. Учир нь дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх таамаг одоогоор алга. Тиймээс төсөвт хэт өөдрөгөөр төсөөлөх нь  эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Энэ утгаараа Монгол Улс ирэх оны төсөвт эрсдлийг тооцож бодит тооцоог  гаргах нь чухал юм" хэмээв.

Ийнхүү асуулга өрнөсний дараа “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Улмаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Мөн хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргыг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын өнгөрсөн оны 83 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм”-ийг үндэслэн гишүүдийн олонх уг зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томилохыг дэмжиж  Байнгын хорооны тогтоолын төслийг  баталлаа.


Холбоотой мэдээ