Н.Цэрэнбат:100 мянган айлын яндан, 3 мянган нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-10-09 17:34:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийж буйг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.

-Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгөөр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулсан бол илүү үр дүнтэй байсныг зарим улс төрчид онцолсон. Энэ тухайд ?

-Ирэх жилийн улсын төсөвт 154 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн. Би анх ажлаа хүлээж авахдаа агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны ажлыг хариуцаж ажиллахаа хэлж байсан. Харин урт хугацааны гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг БХБЯ, Хот төлөвлөлт хариуцдаг. Зарим улс төрчид утаанд зарцуулсан хөрөнгөөр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах боломж байсан гэж ярьж буй нь худал. Өмнөх жилүүдэд утаа бууруулахад нийт зарцуулсан хөрөнгөөр 4000 айлыг орон сууцанд оруулах боломжтой байсан. Гэтэл гэр хороололд гал түлж буй 202 мянган өрх бий.  

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд  төслийн зуухнаас эхлээд олон ажлыг хэрэгжүүлж байсан. Одоо ямар ажил хийх вэ?

-Утаа бууруулах хамгийн оновчтой арга нь янданд индукцийн аргаар пилтер буюу шүүлтүүр тавих. Богино хугацаанд утаа бууруулах арга энэ л байна. Гэр хорооллыг орон сууцжуулахад урт хугацааны төлөвлөлт шаардлагатай. Тиймээс иргэдийг аль болох зөв ойлгоосой гэж хүсч байна. Гадны судлаачдын тооцооллоор Монгол Улсын иргэд жилд 15 тэрбум төгрөгийг утаатай холбоотой эрүүл мэнддээ зарцуулж байна гэсэн судалгаа бий. Энэ нь сүүлийн жил тасралтгүй нэмэгдэж байгаа юм.

-Нэг яндан 200 долларын үнэтэй гэсэн мэдээлэл байна. Үүнийг бизнес хийж байна гэж ойлгох хүмүүсч байна?

-Хийж, хэрэгжүүлж буй ажил болгон иргэдийн төлөө байдаг. Ирэх онд төсөвлөсөн 154 тэрбум төгрөгөөс гэр хорооллын 100 мянган айлын яндан, 3 мянган нам даралтын уурын зууханд шүүлтүүр суурилуулна. Иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах нь түүхий нүүрс түлэх хэмжээг бууруулна.

-Айл бүрийн яндангийн стандарт хэмжээ өөр. Шүүлтүүрийг хэрхэн суурилуулах вэ?

-Герман улсын компанийн судалгаагаар Монголд өөр хэмжээтэй 140 гэр, хувийн орон сууц, 21 төрлийн зуух байна гэсэн. Тиймээс стандарт ярих аргагүй болж байгаа. Янданд хамгийн бага бөгөөд боломжит стандарт байгаа учир шүүлтүүр суурилуулах боломжтой.

-Нийслэлд ирэх оны 5 дугаар сараас түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой нүүрсний үнэ өсч байна гэсэн мэдээлэл бий?

-Нийгэмд түүхий нүүрс түлэхийг хориглосон учир нүүрсний үнэ өсч байна гэсэн буруу ташаа мэдээлэл гараад байгаа. Энэ жил бид бэлтгэл ажлаа хангаад ирэх оноос нийслэлд сайжруулсан түлш ашиглана. Сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлэх хүрээнд Эрдэнэс таван толгойн дэргэд “Таван толгойн түлш” гэдэг охин компани байгуулсан. Сайжруулсан түлшний нийт 30 орчим хувийг төрийн өмчит компани, бусдыг нь хувийн хэвшил хангана.


Б.Янжиндулам

 

Холбоотой мэдээ