Хятад улс байгалийн хийн хамгийн том импортлогч орон болно

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-10-12 15:40:20


Бээжин/МОНЦАМЭ/. Энэ 10 дугаар сард Хятад улс байгалийн хийн импортоор Япон улсыг гүйцэж, дэлхийн хамгийн том байгалийн хийн импортлогч орон болно хэмээн Олон улсын Эрчим хүчний агентлагийн захирал Фатих Бирол Лондонд болсон Газрын тосны хуралд оролцох үеэр хэлжээ.

Тэрээр хэлэхдээ “Байгалийн хийн зах зээл яг одоо шилжилтийн үедээ ирээд байна. Үүнд гурван том хүчин зүйл байна. Эхнийх нь Хятад улс байгалийн хийн зах зээлийн гол тоглогч болж байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар Хятадын байгалийн хийн импортын хэмжээ асар хурдтай нэмэгдэж 40 хувиар өссөн. Хятад улсын эрэлт хэрэгцээ өсч буй нь зах зээлийг нэмэгдүүлж байна. Шанхайн Газрын тос, байгалийн хий арилжаалах төвийн шингэрүүлсэн байгалийн хийн үнэ энэ сарын 8-ны өдрийн байдлаар нэг тонн нь 4613 юаньд хүрч, өнгөрсөн жилийн рекордоос давсан.

Хоёрдахь хүчин зүйл бол АНУ-тай холбоотой. АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлт нэмэгдсэн. Тус агентлагийн хийсэн судалгаагаар ирэх 5 жилийн хугацаанд АНУ шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 75 орчим хувийг эзлэх аж. Ингэснээр АНУ нь Катар, Австрали улсын хамт шингэрүүлсэн байгалийн хийн гурван том ханган нийлүүлэгч орон болно.

Гуравдахь хүчин зүйл бол аж үйлдвэрийн салбар. Учир нь байгалийн хийг ашиглах тухай ярих үед аж үйлдвэрийн салбартай шууд холбогддог.Энэ салбар байгалийн хийн хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна” гэв.

Тус агентлагийн таамаглаж буйгаар Хятад улс 2023 он гэхэд Европ тивийг гүйцэж, дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгч орон болно. Энэ нь тус улсын Төр засгаас хэрэгжүүлж буй цэвэр эрчим хүчний хөгжлийг дэмжих бодлоготой холбоотой юм гэжээ.

А.Анхбаяр


Холбоотой мэдээ