С.Амарсайхан: Нийслэлийн орлогыг яаж нэмэгдүүлэх нь тодорхой бус байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-09 16:52:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д нийслэл хотын дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зэрэг нэлээд олон ажил тусгажээ.

Нийслэлийн Засаг даргын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, “Үндсэн чиглэлд бүтээн байгуулалт, хүний хөгжлийн асуудлыг түлхүү оруулсан. Мөн замын хөдөлгөөний ачаалал зэрэг Улаанбаатарт тулгамдаж буй асуудлыг тусгасан. Дэд төвүүдийг байгуулахаар дахин таван газарт судалгаа хийж байна" гэв. НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Үндсэн чиглэлд тодруулах шаардлагатай олон ажил байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, “Мастер төлөвлөгөө боловсруулахад ямар өөрчлөлт хийхээр төлөвлөлж байна вэ. Нийтийн тээвэрт бие даасан байдал менежментийг хэрэхн хангах юм бэ. Улаанбаатар хотод ачаа тээврийн ложистик төв байгуулж, нэгдсэн терминал барих ажлыг хаана, хэн хийх юм бэ. Дагуул, хаяа хот, тосгон, шинэ суурьшлын бүсийг бий болгож, залуу гэр бүлийг орон сууцтай болгох ажлыг үе шаттай хийнэ гэсэн байна. Үүнийг 2016 оны чиглэлд оруулж байсан. Орлогод нийцсэн орон сууцны төсөл ямар шатанд яваа нь тодорхойгүй байгаа. Уг ажилд зориулж 2019 онд 2 тэрбум төгрөг төсөвлөхөөр болж байгаа. Хэчнээн орон сууц барьж, хэдэн айл оруулах юм бэ.  Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж сүүлийн 10 жилийн турш ярилаа. Нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн боловч яаж гэдэг нь тодорхой бус байна. Дүүрэг бүрт ЖДҮ-ийн борлуулалтыг дэмжих төв байгуулахаар тусгажээ. 2017 онд ийм зорилт тавьж байсан. Өнгөрсөн хугацаанд юу хийсэн, цаашид хэрхэн үргэлжлэх нь мөн л тодорхойгүй бус. Авто худалдааны цогцолбор”-т ачаа тээврийн төв байгуулах болжээ. Олон хүнийг бухимдуулж байж энэ цогцолборыг байгуулсан. Одоо ч асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа. Аливаа ажлыг гүйцэд хийгээгүй байж дараагийн асуудлыг ярих нь зохисгүй. Үйлдвэр технологийн паркууд сүүлийн 6 жилийн турш хөгжсөнгүй. Эдгээрийг үр дүнтэй ажиллуулах ёстой инновацийн газар юу хийж байна вэ.  Иргэдийг ажил, орлоготой болгохоор юу хийж байгаа юм бэ. Тал тал тийш үсчиж, аль үгүй тарамдаж орхисон гашуун сургамж бидэнд олон бий. Тиймээс сайтар нягтлах хэрэгтэй" гэлээ.

Түүний асуултад нийслэлийн Засаг даргын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр хариулахдаа, "Налайхад байгуулах Барилгын материалын үйлдвэр технологийн ажил нэлээд урагшилсан. Дэд бүтэц татаж байгаа. 4.6 км авто зам тавихаар болж, ажил эхлүүлээ. Эмээлт”-ийн Хөнгөн үйлдвэрийн паркийн судалгааг хийлгэж байгаа. Түүхий эдийг хэрхэн нийлүүлэх асуудлыг тодорхой болго гэсэн үүрэг өгсөн. Ирэх онуудад хотын хоёр талд тээвэр, ложистикийн төв байгуулахаар болсон. Авто худалдааны цогцолбор”-т зөвхөн машин зарахаас гадна өөр зүйл борлуулах шаардлага бий туд тул бид хэрэгжүүлэх бодлого барьж байна" гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцээд, намын бүлгийн, хороодын хуралд оруулахаар болов. Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдааныг энэ сарын 31-нд хуралдуулж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцүүлэхээр боллоо.

 

Холбоотой мэдээ