Казахстаны Засгийн газраас Монголд 500 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-10 10:26:59

Баян-Өлгий МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Казахстан Улсын Засгийн газраас Монгол Улсад 500 мянган америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан талаар тус улсын КазАкпарат агентлаг мэдээллээ.

 

Казахстан Улсын болон бусад улс орнуудын нутаг дэвсгэрт болсон байгалийн гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор 2018 оны улсын төсөвтөө суулгасан  Казахстан Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс тус улсын Үндэсний банкийн тухайн өдрийн ханшаар 500 мянган америк доллартой тэнцэхүйц хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхийг Гадаад хэргийн яамдаа даалгасан байна.


Уг хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэнд өнгөрсөн зун үерийн гамшиг болсон манай улсын 14 аймгийн сэргээн босголтын ажилд зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тэдний нэг нь Баян-Өлгий аймаг юм. Өнгөрөгч долдугаар сарын 14-17-нд буусан үерт тус аймгийн Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудын 929 айл нэрвэгдсэнээс 110 өрх орон гэргүй болж, 154 айлын байшин цаашид амьдрах боломжгүй болоод байгаа билээ.   


Ө.Нурболат

Холбоотой мэдээ