Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн парк ашиглалтад орсноор 1500 хүн ажилтай болно

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-10-10 11:10:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхын барилгын материал үйлдвэрлэл технологийн парк /НБМҮТП/ бүрэн ашиглалтад орсноор барилгын материал үйлдвэрлэлийн салбар хөгжиж, 1500 хүний ажлын байр бий болох бөгөөд  уг паркын бүтээн байгуулалтын ажил эрчимжив.

Тухайлбал, УБ-Чойрын уулзвараас НБМҮТП хүртэлх нийт 4.67 км авто зам барихаар болж гүйцэтгэгч “Арц суварга” ХХК зам барилгын ажлаа эхлэв. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж ирэх онд ашиглалтад оруулах юм.

Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯ-наас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх аж.

НБМҮТП нь шинэ дэвшилтэт техник технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулах,  тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор байгуулагдсан юм.

Уг паркад одоогоор Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.



Холбоотой мэдээ