Мексикт газрын тосны 7 орд газрыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-10 14:08:27

 МЕХИКО. /ТАСС/. Мексикийн зүүн өмнөд нутгийн Табаско мужийн эрэгт 180 сая торх бүхий нүүрстөрөгчийн 7 ордыг илрүүлсэн тухай төрийн өмчит газрын тос хийн “Pemex” компанийн тэргүүн Карлос Тревиньо мэдэгджээ.


Маник хэмээх нэртэй хэсэгт хоёр орд газар, Мулач хэсэгт тавыг илрүүлжээ. Эдгээр хэсгүүд нь Мексикийн буланд байрладаг аж.


Тревиньогийн үнэлж байгаагаар, тэдгээр орд газрыг ашигласнаар Мексикийн булангийн 6 хэсэгт газрын тосны олборлолтын хэмжээг 2020 оны хоёрдугаар хагаст өдөрт 210 мянган торход хүргэх боломжтой аж. Өнгөрсөн 8 дугаар сард  "Pemex" компанийн газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 1,82 сая торх байжээ. Энэ нь 2004 оныхтой харьцуулахад хоёр дахин бага үзүүлэлт аж. 


Мексикийн газрын тосны олборлолтын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай ирэх Мексикийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд өдөрт олборлох газрын тосны хэмжээг 2,5 сая торход хүргэхийн тулд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан байна. Түүнчлэн тэрбээр Табаско мужийн Параисо дүүрэгт газрын тос боловсруулах үйлдвэр босгох ажлыг эхлүүлэх бодолтой байгаа аж.  

Холбоотой мэдээ