Б.Цолмонбаатар: Үйлдвэрийн хаягдал усыг дахин боловсруулан ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-10 14:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл Экспо” төвд хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Экспо Монголиа-2018” олон улсын үзэсгэлэнд саарал усыг дахин ашиглах технологийг танилцуулав.

Энэ талаар дээрх үзэсгэлэнд оролцож буй “Евро Хан” ХХК-ийн Төслийн химийн инженер Б.Цолмонбаатараас тодруулахад, “Манай компани 2011 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд “Оюутолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал усыг химийн аргаар боловсруулж 90 орчим хувийг дахин хэрэглэж байна. Бид энэ удаа Францын байгаль орчны менежментийн “Voeta” компанийн ундны ус, хаягдал болон саарал ус, хог хаягдлын менежмент, хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх технологиудыг танилцуулж байна. Манайх хаягдал ус гэхээс биш саарал ус ашиглах дээр яг одоо Монголд хэрэгжүүлж буй төсөл, үйл ажилллагаа хараахан алга байна. Англи, Франц, Герман зэрэг Европын орнуудад үйлдвэрийн хаягдал усыг саарал ус болгох технологи ашиглаж байгаа.


Усны шинж чанараас хамаараад үйлдвэрийн усыг хатуу нийлэг болон механик хольц буюу шаварлаг бодис, бусад бохирдол, тундасаас нь салгаж саарал ус болгон дахин ашиглаж байна. Энд нүүрсний болон хатуу бодисын механик гэх мэт төрөл бүрийн фильтр ашиглан усыг дахин боловсруулж байна.

Мөн борооны усыг хуримтлуулан саарал ус болгож байна. Энэ аргыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.


Тодруулга: “Евро Хан” ХХК нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр Европын 20 орчим брэнд компанийн гэрээт диллерээр ажиллаж байна.


Б.Болд

Холбоотой мэдээ