Хүүхдийн сул харааг 6 нас хүрээгүй үед нь эмчлэхгүй бол хожимдох тохиолдол бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2018-10-10 14:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харааны шилээ тохируулж зүүхгүйгээс болж хараа улам мууддагийг Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимгээ Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Монголын хараагүйчүүдийн холбоо болон “Эрүүл мэлмий” ТББ хамтран хийсэн  нүдний эрүүл мэндийн  талаарх мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр, “Монгол Улсад нийт 11,450 харааны бэрхшээлтэй иргэн бий. Хараа муудах өвчний үндсэн шалтгаан нь насжилт, болрын цайлт, нүдний даралт ихсэх өвчин, чихрийн шижингээс үүдэлтэй. Бид хүүхдийн хараанд илүү анхаарах хэрэгтэй. Учир нь хүүхдийн нүдний хараа 6 нас хүртэл хөгждөг. Иймээс хүүхдийн сул харааг 6 нас хүрээгүй үед нь эмчлэхгүй бол цаашдаа ямар нэгэн арга хэмжээ авах нь хожимдох тохиолдол бий.

Манай төвөөс  энэ сарын 11-ний өдөр улсын болон зарим хувийн эмнэлгүүд үнэ төлбөргүй нүдний оношлогоо үзлэг хийхээр төлөвлөсөн. Иймд иргэд ойролцоох нүдний эмнэлэгтээ хандан үнэ төлбөргүй эсвэл 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой” гэлээ.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Харааны бэрхшээлтэй хүмүүсийн ихэнх нь амьдралын буруу хэвшил, хувь хүний хайхрамжгүй байдлаас шалтгаалсан байдаг. Нүд нь гэмтсэн шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлэгт хандах хэрэгтэй. Хараагүй байхын зовлонг мэддэг бид бусад хүмүүсийг нүдээ хайрлаж, анхаарал тавиасай гэж жил бүрийн энэ өдөр уриалга гаргадаг” гэв.

“Эрүүл мэлмий”  ТББ-ын тэргүүн Ж.Батнов “Дэлхийд нийт сохрол, сул хараатай 253 сая хүн байгаагийн 36 сая нь сохор, 217 нь дунд ба хүнд хэлбэрийн хараа муудалттай. Хорвоогийн гэрэл гэгээг харахгүй байна гэдэг хэцүү.  Ертөнцийн гэрэл гэгээг бүрэн харж чадна гэдэг аз жаргал. Гагцхүү тэр аз жаргалыг насан туршдаа хэвээр нь хадгалахын тулд нүдээ хайрлаж хамгаалах нь чухал” болохыг сануулав.

Манай улсын 2014 онд хийсэн статистик судлгаагаар 50-с дээш насныхны 50 мянган хүн дундаас дээш хэлбэрийн хараа муу гэсэн дүгнэлт гарчээ. Харин сургуулийн насны нийт хүүхдийн 15 хувь нь харааны гажигтай. Үүнээс харааны шил зүүх шаардлагатай хүүхдийн 75 хувь нь харааны шил  зүүгээгүйээс үүдэлтэй аж.

 

 Г.Өлзийхутаг

 

Холбоотой мэдээ