ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн монгол гэр экспортын нэг эх үүсвэр болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-10 14:50:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс жилд хоёр мянга гаруй иж бүрэн Монгол гэр экспортолж, 6000 орчим гэрийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байгаа талаар Монгол гэр үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Отгонпүрэв хэлж байна.

Түүний хэлснээр өнөөдөр Монгол гэр үйлдвэрлэлийн чиглэлээр “Хангай гэр”, “Дээдсийн гэр”, “Халх гэр хужирт”, “Монгол гэр хужирт”, “Зүүн сайн”, “Тэнгэрлэг өргөө”,  “Өвөг дээдсийн гэр”, “Хорол өргөө”, “Их өргөө”, “Монгол гэр”, “Өнө монгол гэр”, “Батдэлгэрэх”, “Мөнгөн гэр”, “Уянгын гурван эрдэнэ”, “Удунвара эрдэнэ”, “Уянга хийц”, “Сэлнэн” зэрэг 150 гаруй ААН, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани, хувь хүн аяны, отрын, малчдын, уул уурхай, зам барилгын ажилчдын, жуулчны баазын, хот суурин газрын, ресторан хүлээн авалт, хүндэтгэлийн, экспортын, тоглоом-бэлэг дурсгалын гэсэн 10 гаруй төрлийн, 3 ханатаас 32 ханатай зориулалтын гэр үйлдвэрлэж байна. Цаашид гэрийн үйлдвэрүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, өөр материалаар орлуулан хийх, суурин болон нүүдлийн шинж байдалд тохирсон гэрийн шинэ загвар, хэрэглээний шинэ шийдлийг бий болгох, Монгол гэрийн өвөрмөц хэв шинжийг олон улсад сурталчилж, экспортыг өсгөх шаардлагатай. Ингэснээр жилд 20 мянга орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой гэж үздэг. Дэлхийн улс орнууд, ард иргэд Монгол гэрийг улам ихээр сонирхох болж, барьж ашиглахад хялбар байдаг тул байгаль цаг уурын гамшгийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой гэдгээр нь сайшааж байна. Монгол гэрийн эрэлт хэрэгцээг даган эерэг сөрөг үр дагавартай үйл ажиллагаа идэвхжих боллоо. Франц, Польш, Канад зэрэг улсад Монгол гэрийг дамжуулан борлуулдаг сүлжээ бий болжээ.  БНХАУ, ОХУ-ын компаниуд Монгол гэр урлаачдыг урьж  гэр хийлгэх, гэр урлалын нууцыг тандан зөвшөөрөлгүйгээр гэр үйлдвэрлэн борлуулах явдал гаарч байгаа талаар Монгол гэр үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос мэдэгдлээ. БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Нүүдлийн соёл иргэншлийн ахуй орчныг бүрдүүлэн тээгч “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” ёс уламжлалыг хүн төрөлхтний үнэт зүйлс болгон 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэн авсан. Тиймээс ч Монгол гэрийг бид өөрсдөө урлан үйлдвэрлэж, үндэсний ёс уламжлалаа дэлхий нийтэд түгээх учиртай гэж байна.

 

 

Холбоотой мэдээ