Агаарын хөлгийн эд ангийг хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах боломж бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-10 15:43:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улс 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн улстай нэн тааламжтай нөхцлөөр худалдаа хийх, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах нөхцөл бүрдсэн билээ. Тус байгууллага агаарын хөлгийн тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зорилго бүхий “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийг 1980 оны 1 дүгээр сард баталсан байна. Монгол Улсын хувьд энэ оны 5 дугаар сарын байдлаар зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг ашиглаж байна. Цаашид иргэний нисэхийн салбарын зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн шийдлийг олон улсын түвшинд хүргэх, сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс Засгийн газар уг салбарыг бодлогоор дэмжих үүднээс “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэх тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 06-нд УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүд орон нутгийн нислэгийн тасалбарын үнийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгааг тодрууллаа. Ажлын хэсгээс өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр боловсруулж байгааг дурьдаад ойрын хугацаанд Засгийн газраар шийдвэрлүүлнэ гэлээ.

Түүнчлэн Б.Энх-Амгалан гишүүн дээрх хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улс гадны нислэгийн компаниудад давуу эрх олгох эсэхийг асуув.  Мөн “МИАТ” дэлхийн зах зээлээс 3 дахин өндөр үнээр агаарын хөлөг худалдаж авсан тухай мэдээлэлд албан ёсны тайлбар өгөхийг хүслээ.

ЗТХЯ-ийн сайд Я.Содбаатар, “”МИАТ” компанийн инженер техникийн ажилтнууд гадны томоохон нислэгийн компаниудын агаарын хөлөгт засвар хийдэг болсон. Тиймээс засварт ашиглах тоног төхөөрөмж, эд ангийг хямд үнээр худалдан авахад энэ хэлэлцээр томоохон түлхэц үзүүлнэ” гэлээ. Харин ажлын хэсгээс “Хэлэлцээрт нэгдсэнээр гадны томоохон нислэгийн компаниудад давуу эрх олгохгүй. “МИАТ” компани 121 сая ам.доллараар худалдаж авсан” гэсэн хариулт өгөв.

Мөн Б.Энх-Амгалан гишүүн Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол холбогдох албаныханд нь хариуцлага тооцохыг ЗХТ-ийн сайдад анхаарууллаа. Мөн Төрийн аудитын газраас “МИАТ” компанид шалгалт хийсэн бөгөөд багагүй зөрчил илэрснийг хэлээд зөрчлөө ойрын хугацаанд арилгахыг тус компанийн удирдлагуудад сануулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь хэлэлцээрт нэгдэн орох хуулийн төслийг дэмжиж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр боллоо. 

Холбоотой мэдээ