Татварын бодлогоор зохицуулалт хийх замаар шатахууны үнийн өсөлтийг зогсоох нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-10 18:21:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох  асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг  Төрийн ордонд зохион байгуулав.


Төрийн бус байгууллага болон иргэдээс Шатахуун импортлогч компаниуд Үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийг хохироож, удалдан авах чадварыг бууруулсан тухай хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлтийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн тул  хэлэлцүүлгийг хийж байна хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг тодотгов.



Статистик үзүүлэлтээр  он гарсаар шатахууны худалдаа эрхлэгчид жижиглэнгийн борлуулалтын үнийг  нийт 5 удаа нэмжээ. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзэлдэг байна.  63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзэлдэг байна. Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаарч тодорхойлогдож байгааг албаныхан мэдээлсэн юм.

Улмаар манай улс шатахууны төрөл тус бүрээр 1 тонн тутамд онцгой албан татвар тогтоосон. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 210 000 төгрөг, дизелийн түлшинд 280 000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 80 000 төгрөг, дизелийн түлшинд 150 000 төгрөг төлдөг байна. Харин өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензин онцгой албан татварыг Засгийн газрын 26 дугаар тогтоолоор тэглэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр онцлов. Мөн тэрбээр, “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд   энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ  2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гаднаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг. Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр тайлбар өглөө.


Байнгын хорооны гишүүд дотооддоо арга хэмжээ авч, хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Мөн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт импортоор авч буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг зөвхөн ам.доллараар биш бусад валютаар хийх бололцоо байгаа эсэхийг тодруулсан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, 2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд төлбөрийг өөр валютаар хийх боломжтой талаар тусгасан хэмээв. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэлхийн зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах үед манай улсад өөрчлөлт гарахгүй байааг тодруулсан.

Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтын үед манай улс газрын тосны бүтээгдэхүүнээс татвар авч, төсөвт төвлөрүүлж байсан. Татварын зохицуулалтыг хийж байгаа бол төсөвт оруулахгүйгээр сан бүрдүүлж, үнэ өсөх үед зах зээлдээ гаргах нь оновчтой шийдэл болохыг Монголбанкны төлөөлөл хариулав.


Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сараас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгджээ.


Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд нийцүүлэн татварын бодлогоор дотооддоо зохицуулалт хийх, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах, стандартын шаардлагад нийцэхгүй шатахууны үйлдвэрлэлд хяналт тавих шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогсод тодотголоо.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байнгын хорооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээ илэрхийлээд хэрэглэгчээ бодсон төрийн бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллахыг сануулав.

Холбоотой мэдээ