Завханы театрын тайзнаа амилах сонгодог жүжгүүдийн хуваарь гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 18:35:08

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт болох  Шилдэг бүтээл-2018 улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалтын үеэр тайзнаа тавигдах жүжгүүдийн хөтөлбөр, хуваарь гарсан тухай Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээллээ.

Энэ сарын 12-ны 12:00 цагт уралдааны нээлтийн үйл ажиллагаа болох бөгөөд мөн өдрийн 20:00 цагт Увс аймгийн "Ойрад" Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Дорлиг сэрлээ мюзикл жүжгээ олны хүртээл болгоно. Харин 10 дугаар сарын 13-ны 12:00 цагт Баян- Өлгий аймгийн  Хөгжимт драмын театрын жүжигчид Хэзээ ч мартахгүй драмын жүжиг, 20.00 цагт Ховд аймгийнхан Хоёр эзний нэг зарц драмын жүжгээ тоглоно.

Аравдугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын  Хар санаа хайр сэтгэл эмгэнэлт жүжиг, Завхан аймгийн  Хөгжимт жүжгийн театрын Гарын таван хуруу транс авангард, мюзикл жүжиг тайзнаа амилна. Шилдэг бүтээл-2018 VIII улсын үзлэгт уралдаанд оролцох бүтээлүүдийг дээрхи хуваарийн дагуу тус тус Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт  тоглоно. Тус  уралдаан нь 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл сарын турш улс даяар явагдана. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг улсын уралдаан энэ жил эрдэмтэн зохиолч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний нэрэмжит болж буйгаараа онцлогтой.

Мөн эрдэмтэн зохиолчийн найруулсан, орчуулсан жүжгүүдээр театрууд уран бүтээлээ найруулж тайзнаа тавих юм.Шилдэг бүтээл-2018 улсын VIII уралдаан баруун бүсээс ийнхүү эхэлж байна. Харин төвийн бүсийн уралдаан Орхон аймагт, зүүн бүсийн уралдаан Дорноговь аймагт болно хэмээн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ