Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн сонгон шалгаруулалтыг орон нутагт явуулдаг болох шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-11 09:51:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХҮГ, НАМЭХ хамтран Тогтвортой хөгжил эмэгтэйчүүд-2” уулзалтыг энэ сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

Чуулга уулзалтад 19 сумаас 500 гаруй эмэгтэй оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар санал хүсэлтээ уламжилсан юм. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон аймгийн удирдлагууд оролцож, төр засгаас хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймагт төрийн болон хувийн салбарт 55180 хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 47,3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд түүний 79.5 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Тиймээс тогтвортой ажиллах, төсөл бичиж сурах, төсөл хөтөлбөрт оролцдог байх, шинэ технологи нэвтрүүлэх талаар мэдлэг, чадвараа сайжруулах, урт хугацаатай хүү багатай зээлийн дэмжлэг үзүүлэх шаардлага нэн тэргүүнд байгааг уулзалтад оролцогчид онцолж байв.

Орон нутагт хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж буй эмэгтэйчүүдийг илүү дэмжинэ гэдгийг аймгийн Засаг дарга Г.Ганболд энэ үеэр хэллээ. Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “ХЭДС, ЖДҮС-аас олгож байгаа зээлийн сонгон шалгаруулалт ихэвчлэн яаманд болдог учир хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд тэр бүр оролцож чаддаггүй.  Тэгвэл энэ сангийн хөрөнгийн эх үүсвэрийг орон нутагт нь хуваарилж, орон нутгаас зээлийнхээ сонгон шалгаруулалтыг явуулдаг байх нөхцөл боломжийг бий болгох шаардлагатай нь уулзалтаас харагдаж байна” гэв.

Чуулга уулзалтад ахмадууд, малчин эмэгтэйчүүд, ажилгүй болон хувийн хэвшилд ажилладаг, мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулсан бөгөөд зорилтот бүлэг тус бүрт хөдөлмөр эрхлэлтийн талаар тулгамдаж буй асуудлыг илрүүлэн шийдвэрлэх зорилготой ажээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ