Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-11 12:09:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авах шаардлагагүй хэмээн үзлээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзсэнээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн. Үүний дагуу УИХ-аас 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 62 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолд нөхөн сонгуулийг энэ сарын 07-нд зохион байгуулахаар тусгасан. Гэвч энэхүү тогтоолд төрийн албан хаагч оролцох зохицуулалтыг нарийн тусгаагүй нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан хэмээн Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг энэ оны 8 дугаар сарын 22-нд хэлэлцээд, УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Уг дүгнэлтийг өнгөрсөн 7 хоногт Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Нэг талаас иргэний сонгох, сонгогдох эрхийг хангасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт үндэслэлтэй мэт харагдаж байна. Харин нөгөө талаас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэд төрд төлөөлөлгүй болоод байна. Энэ бол хуулийн зөрчил, хийдэл байгаагийн илрэл” хэмээв.

ҮХЦ-ийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Лүндээжанцан гишүүн, “Сонгуулийн хуулиар жилд хоёр удаа буюу 6, 10 дугаар сард сонгууль явуулах ёстой. Энэ хүрээнд нөхөн сонгуулийн товыг зарласан. ҮХЦ нэг хүний эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан бол Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн 42 дугаар тойргийн 10 мянга гаруй иргэний эрхийг хамгаалах шийдвэр гаргаж байгаа юм. Цаашдаа Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ, Ерөнхийлөгч болон ИТХ-ын сонгуулийн хуулийн загварыг гаргаж байна” гэлээ.

Мөн Д.Эрдэнэбат гишүүн УИХ, ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах ёсгүй гэсэн санал хэллээ. Тэрбээр, “Үндсэн хуульд хүн эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, ҮХЦ нэг хүний биш нийтийн төлөө шийдвэр гаргах учиртай. Нэг хүний эрхийг хамгаалах шийдвэр гаргаснаараа цэц нэр хүндээ алдаж байна. Нөгөөтэйгүүр төрийн албыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг жирийн иргэнтэй дүйцүүлж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн төрийн албан хаагч дахин тухайн ажилдаа томилогдохгүй байх зохицуулалт тусгах нь зөв” хэмээв.

Дээрх зохицуулалтыг хуульд тусгасан тохиолдолд улс төрчид төрийн албанд ажиллаж байгаа өрсөлдөгчөө сонгуульд оролцуулахгүйн тулд өөртөө давуу эрх олгох шийдвэр гаргалаа гэсэн үндэслэлээр дахин Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх магадлалтай гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тайлбарлав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувьд цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан юм.

Холбоотой мэдээ